Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Боловсролын газруудтай хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2023” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Цолмон нар оролцож, амжилт хүслээ.
Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Хүүхэд, залуус та бүхэнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болон төлөвшихөд чинь хувь нэмрээ оруулах үүднээс “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулж, “Өсвөрийн аврагч” улсын уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай билээ. “Залуу хүн зорилго, мөрөөдөлгүй бол далавчгүй шувуутай адил” гэсэн үг бий. Хүсэл зорилго, итгэл найдвар, мөрөөдөлтэй, түүндээ хүрэх тэмүүлэл, боловсрол мэдлэгтэй залуу үе байна гэдэг эх орны ирээдүй гэрэл гэгээтэй байна гэсэн үг юм. Тийм л залуу үеийн, эх орны гэрэлт ирээдүйн төлөөлөл бол энд хуран цугларсан та бүхэн гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.
Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн “Мазаалай”, Багануур дүүргийн ерөнхий боловсролын 66 дугаар сургуулийн “Дөл” бүлгэм, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын I сургуулийн “Шонхор” бүлгэм, Баруун бүсээс шалгарсан Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын II сургуулийн “Шонхор” баг, Хойд бүсээс шалгарсан Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн “Хүмүүн” бүлгэм, Өмнөд бүсээс шалгарсан Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн “Соёмбо” бүлгэмийн 35 өсвөрийн аврагч оролцож байна.
Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолт, гал унтраах цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.
Мөн энэ үеэр Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үзэсгэлэн дэлгэгдэж, олны хүртээл болж байна.
Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулсан.
Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна.