Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Багш нарын цалин 2007 онд 243 мянга, 2018 онд 694 байсан бол 2023 онд НЭГ САЯ 200 МЯНГАД ХҮРЧЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 0 секунд

Өнгөрсөн долоо хоногт монголын багш нарын баяр тохиож, хүүхэд шуугисан их өргөөний "эзэд" эх, үрсийн хайр хүндлэл дунд эргэх өдрүүдийг үдлээ. Цаг наргүй, цалин багатай ч түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг багш нартай холбоотой мэдээллүүдийг UBN сайт цувралаар хүргэж байгаа. Энэ удаад бид багш нарт тулгамддаг асуудлын номер нэгт эрэмбэлэгддэг цалингийн асуудлыг нь хөндөж байна. Өөрийн хүүхэддээ ч цаг гаргах завгүй түмний хүүхдийн төлөө ажилладаг хэрнээ хэтэрхий бага цалин авдаг учраас жил болгон цалингаа нэмүүлэх шаардлагыг төр засагтаа хүргэхээр жагсдаг. Харамсалтай нь цалин нэмнэ гэх том амлалт өгч багш нарыг тараачихаад тав, аравхан төгрөгөөр нэмсэн болоод өнгөрдөг бичигдээгүй хууль тогтчихсон. Багш нар нь "За яахав. Оргүйгээс дээр юм даа" гээд шүд зуугаад өнгөрдөг ч өдрөөс өдөрт чангарч байгаа үнийн өсөлт монгол төгрөгийг үнэгүйдүүлж, ирэх жил нь дахиад л жагсахад хүргэдэг. Энэ мэт дүр зураг олон жил үргэлжилсэн учраас энгийн хүмүүсийн нүдэнд багш нар жагсаж, цуглахаараа айлгаж жил бүр цалингаа нэмүүлдэг "шуналтай" хүмүүс шиг харагддаг болчихож. Харамсалтай нь бодит байдал бидэнд харагдаж байгаагаас өөр.

Бид залуу багш нарын төлөөлөлтэй уулзаж, өнөөдрийн байдлаар гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авч буйг тодрууллаа.

Д.Сүлд-Эрдэнэ: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бидний цалинтай өрсөлдөөд нэмэгдэж байгаа учраас цалин хүрэлцдэггүй байдал өөрчлөгдөхгүй байна

Тавдугаар сургуулийн Математикийн багш

-Би боловсролын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тавдугаар сургуульд Математикийн багшаар ажилладаг. Сургуулиа төгсөөд таван жил ажилласны дараа шантарч хэсэг хугацаанд өөр ажил хийсэн. Яаж ч хичээгээд багшийн цалин амьдралд минь хүрэлцэхгүй байсан учраас хоёр жилийн завсарлага авсан нь тэр. Одоо ч ялгаагүй. Шимтгэлүүдээ төлөөд гар дээр ирж байгаа цалин нь нэг сая гаруй л байгаа. Манай эхнэр бас багш. Гэр бүлийн хоёр хүн хоёулаа ийм цалин аваад, амьдралаа авч явна гэдэг үнэхээр хэцүү. Тиймээс дахиад л ажлаасаа гарах талаар бодож эхэлж байгаа юм. Багш нарын цалин нэг үеэ бодвол нэмэгдсэн. Үгүйсгэхгүй. Харамсалтай нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бидний цалинтай өрсөлдөөд нэмэгдэж байгаа учраас цалин хүрэлцдэггүй байдал өөрчлөгдөхгүй байна. Багш нарын цалинг ур чадвартай нь уялдуулж нэмдэг болсныг зөв гэж бодож байна. Гэхдээ яаж үнэлж байгаа вэ гэдэг дээр эсрэг байр суурьтай байдаг. 230 гаруй хүүхдэд багшилж байгаа багшийн ур чадварыг үнэлэхдээ 20-30 хүүхэд сонгож авч үнэлж байгаа нь зүйд нийцэхгүй гэж бодож байна. Бодит үнэлгээ гаргах боломжгүй гэж бодож байна. Хэрвээ зөв шударгаар үнэлэх гэж байгаа бол нийт хүүхдээс нь шалгалт аваад дунджилж үнэлэх хэрэгтэй.

Б.Пүрэв-Очир: 950 мянган төгрөгийг сарын хэрэглээндээ хүргэхэд хэцүү

Тавдугаар сургуулийн Биологийн багш

-Би биологийн багшаар гуравдахь жилдээ ажиллаж байна. Бүх шимтгэлээ төлөөд гар дээрээ 950 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдсэн учраас 950 мянган төгрөгийг сардаа хүрэлцүүлэхэд хэцүү байдаг. Би одоо ганц бие хэрнээ цалин минь амьдралд хүрэлцэхгүй байхад энэ цалингаар гэр бүл зохиогоод ар гэрээ авч явна гэдэг амаргүй л байх болов уу гэж боддог.

Боловсролын салбарт ажиллаж байгаа залуу багш нарын гар дээрээ авч байгаа цалин бодит байдал дээр ийм байна. Гэтэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан Багш нар дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа хэмээн мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор багш нар жил болгон жагсаал, цуглаан хийж цалингаа нэмүүлдэг. Хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг байж дахиад нэмүүлэх гэлээ гэх шүүмжлэл олон нийтийн дунд их байгаа юм.

Тиймээс бид сүүлийн 10 жилд багш нарын цалин хэзээ хэдэн хувиар, хэрхэн нэмэгдэн тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Тоон мэдээллээс харахад, 2018 онд 694-787 мянган төгрөг байсан багш нарын цалин 2020 онд найман хувиар нэмэгдэж, 749-850 мянган төргөг, 2022 онд 17 хувиар нэмэгдэж, 1.005.130, 2023 онд 26 хувиар нэмэгдэж, 1.273.000 төгрөгт хүржээ. Өмнө нь багш нар ажилласан жилээсээ шалтгаалаад суурь цалин нь өөр байсан бол өнөөдөр бүх багш нарын суурь цалин 1.273.000 төгрөг болсон юм. Үүн дээр ур чадвар, ажилласан жил, анги даалтын нэмэгдэл нэмэгддэг байна.

УДШ: Иргэний зориг ногоон намын даргаар Б.Батбаатарыг бүртгэхээр шийдвэрлэлээ
УДШ: Иргэний зориг ногоон намын даргаар Б.Батбаатарыг бүртгэхээр шийдвэрлэлээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.