Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Нарансолонго: Арын албанд гэрэл чийдэн зөөгөөд л, дараа нь тайзан дээр хальт гарч, нэг үг хэлдэг болж, түүний дараа жижигхэн дүр авч урагшилсаар ГОЛ ДҮРД тоглодог болсон

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
12 минут 16 секунд

Бүлтгэр алаг нүдээрээ хүн бүхний хайрыг татаж, "Эмоци" продакшныхаа залуусыг чиглүүлэн яваа Хөөрхөн Нансо /Жүжигчин МУСТА Г.Нарансолонго/-г энэ удаагийн ярилцлагынхаа зочноор урьж ярилцлаа.

Энэ жил "Эмоци" продакшны 10 жилийн ой тохиож буй бөгөөд тэд үзэгчдэдээ зориулан "Нэгэн зуны цэцэг" эмгэнэлт драмын жүжгээ толилуулахад бэлэн болсон юм.

-Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрөө яаж тэмдэглэж байна?

-Баярлалаа. Ер нь төрсөн өдөр болгон тухайн жилээсээ шалтгаалаад өөр өөр болдог. Сүүлийн хоёр жил миний төрсөн өдөр ид ажлын үед таарлаа. Өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө яг "Баян боол" МУСК-ны зураг авалттай байсан юм. Тэгээд л шинэ киноныхоо ажлаар вагонд явж байхад манай хамтлагийнхан надад баяр хүргэж, сюрприз барьж байсан юм.

Гэтэл энэ жил бас "Нэгэн зуны цэцэг" хэмээх цоо шинэ жүжгээ нээх гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Мөн л энэ үед төрсөн өдөр маань таарлаа. Өчигдөр бид нар бараг үүр цайтал сургуулилт хийсэн юм. Гэтэл манай найруулагч Ч.Найдандорж багш маань наймаг дуудаад "Алив Г.Нарансолонгоо үгээ аваад тэр тайзны голд суугаадах даа" гэсэн юм. Тэгтэл төд удалгүй бүх гэрэл унтраад л манайхан торт бариад гараад ирсэн.

Хэдий ажилтай, ядарч байгаа ч гэсэн тайзан дээрээ шинэ уран бүтээлийнхээ өмнөхөн багштайгаа бас хамт олонтойгоо төрсөн өдрөө угтах үнэхээр сайхан байна.

-10 жил гэдэг бол чамлахааргүй урт хугацаа шүү дээ. Ер нь "Эмоци" продакшны төрсөн өдөр яг хэзээ юм бэ?

-"Эмоци" пропакшн 2013 оны тавдугаар сард хамгийн анхны жүжгээ тавьж байсан юм. Тэгээд энэ жил буюу 2023 он манай 10 жилийн ой. Тиймээс ойдоо зориулан бид ажлын төлөвлөгөө гаргасны нэг нь энэхүү "Нэгэн зуны цэцэг" драмын жүжиг юм.

Түүнээс гадна бид залуу жүжигчдийнхээ ур чадварыг сайжруулъя, шандсыг нь сорьж үзье гэсэн үүднээс зохиолч Todko's Samson-ыгоо уриад бидэнд шинэ уран бүтээл, шинэ зохиол хэрэгтэй байна, бичиж өгөөч ээ гэж хүссэн. Гэтэл манай Todko's Samson үнэхээр чанартай зохиол бичиж, бидэнд бэлэг барьж, хамтран ажиллаж байна.

-"Нэгэн зуны цэцэг" жүжгийг эмгэнэлт драмын жүжиг гэж нэрлээд байгаа. Магадгүй жүжигт тоглож буй жүжигчид ч өөрсдийнхөө мэдрэмжид хөтлөгдөөд жүжигтээ ороод байх шиг санагдсан?

-Үнэхээр тэгж байгаа. Дүү нар маань нэг мэдэхэд л СТӨ-ний аль нэг буланд очоод суучихсан харагддаг юм. Нэг, хоёроороо суугаад үгээ бэлдэцгээгээд л байгаа харагддаг. Түүнээс гадна жүжгийн маань найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж багш маань ажиллаж байгаа. Тийм ч учраас найруулагч маань жүжигчнээ хэрхэн дотор нь оруулах вэ, жүжигчний уран чадварыг яаж гаргах вэ гэдэг тал дээр маш сайн ажилладаг. Дүү нар маань ч гэсэн Найдаа найруулагч ямар мундаг юм бэ, ийм хүнтэй ажиллахад баяртай байна гээд л явж байна лээ.

-Тантай ярилцах завшаандаа Х-Түц продакшныг дурсахгүй байхын аргагүй шүү дээ. Та бүгдийн хувьд хамгийн сайхан мөчүүдээ тус продакшнд өнгөрүүлсэн байх?

-МУУГЗ Ч.Найдандорж найруулагч маань Төтө бид хоёрын багш. Төтө бид хоёр чинь нэг анги шүү дээ. Тэгээд л анх бид Х-Түц продакшнд арын албанд ажиллаад л гэрэл чийдэн зөөгөөд л бусдын л адил энэ салбарт хөл тавьсан. Гэтэл Найдаа багш маань Төтө бид хоёрыг "Х-Түц"-д аваад үлдсэн юм.

Тэгээд л эхэндээ тайзан дээр хальт гарж ирдэг боллоо, дараа нь нэг үг хэлдэг боллоо, түүний дараа жижигхэн дүр авдаг боллоо гээд л бага багаар урагшилсаар байгаад гол дүрд тоглодог болсон. Тиймээс би одооны залуучууддаа хандаж хэлэхэд шууд л урлагийн хүн болох гэж тэр дундаа нэртэй, алдартай хүн болох гэж бүү яар. Тууштай байх л юм бол нэг л өдөр амжилтад хүрнэ гэж хэлмээр байдаг юм.

-"Х-Түц"-ийн хамгийн жаахан нь байсан үе саяхан. Гэтэл өнөөдөр "Эмоци"-ийн ээж, бараг том эгч болсон байна?

-Тийм шүү. X-Tuts продакшнд байхад нэлээн олон жил хамгийн бага хамгийн залуу нь гэж Төтө бид хоёр явдаг байсан юм. Бараг өрх тусгаарлатлаа залуу уран бүтээлчид, залуу жүжигчид нь байсан. Гэтэл Төтө, Тэмка, Бат-Эрдэнэ бид дөрөв маш зоригтойгоор X-Tuts продакшнаас өрх тусгаарлан гарсан. Өөрсдийн гэсэн продакшн байгуулаад, өөрсдийн гэсэн уран бүтээлтэй болсон. Бас доороо залуу дүү нараа авч, уран бүтээлээ хийгээд 10 жилийн нүүрийг үзсэн байна.

Тухайн үед бид бас их зоригтой ч байж. Өнөөдөр гэхэд Төтө, Тэмка бид хэд хамтлагаа удирдаад дүү нартаа үлгэр жишээ болоод, дүү нараа дагуулаад хамтдаа бүтээж туурвиад явж байгаа нь сайхан санагдаж байна. Бас надтай хамгийн удаан цуг байгаа хүн бол яах аргагүй манай Төтө маань. Их сургуулийн ширээнээс өнөөдрийг хүртэл энэ хамтлагийг байгуулаад явж байна шүү дээ.

-"Эмоци" продакшны хувьд шинэ залуу үеийн төлөөлөл. Хүн бүр л өөр өөрсдийн гэсэн үндсэн үүрэг хариуцлагыг үүрч, өнөөдрийн энэ түвшинд хүрсэн байх?

-Манай Тэмка маш их эрч хүчтэй, их санаачилгатай. Хамтлаг дотроо үнэхээр манлайлагч, лидер нь байж чаддаг. Харин манай Төтө бол бүтээхгүй ажил гэж байхгүй. Хэнтэй ч уулзсан юуг ч бүтээдэг. Бас маш их нөмөр түшигтэй. Хөдөө, гадаа явж байхад том автобус, том ачааны машин байвал өөрөө жолооддог. Хэн нэгний бие өвдвөл өөрөө судас тариа хийчихнэ. Ерөөсөө л хийж болох бүх ажлыг хийж чаддаг.

Харин бусад гишүүдийн хувьд ч мөн бүгд л өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай байгаа. Нэг нь нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг гүйцээдэг. Тийм ч учраас бид нэг хамт олон болж чаддаг байх.

-Танай хамтлаг маш олон залуу жүжигчинтэй шүү дээ. Магадгүй тэднийгээ удирдан чиглүүлэхэд эмэгтэй хүний нарийн ухаан их шаарддаг байх?

-Яг оюутан байхад хэн нэгний дэмжлэг, хэн нэгний тус маш сайхан санагддаг шүү дээ. Нэг жишээ дурдахад, би "Сэргээш 1"-ийн “Төрсөн өдөр” номер дээр голлож тоглодог шүү дээ. Тэгэхэд би дөнгөж оюутны ширээнээс салсан байсан юм.

Манай хамтлагийн ах эгч нар намайг ямар хүүхэд вэ гэдгийг мэдэхгүй. Авьяастай ч юм уу, үгүй ч юм уу, цаашдаа жүжигчнээр ажиллах ч юм уу ажиллахгүй ч юм уу. Гэтэл тийм гоё голлох дүрийг надад итгэж өгч, надад итгэл хүлээлгэж байсан.

Түүнээс гадна Хятадын алдарт зохиолч Цао Юй-ийн “Аянгын бороо” гэх тэр том зохиолын бас нэг чухал дүр болох Сы Фань гэдэг охины дүрийг надад өгч байсан. Маш их итгэл хүлээлгэж буй нь тэр шүү дээ. Ингэж их итгэл хүлээлгэсэн учир аливаа зүйлийг хийхэд маш гоё урам зориг өгдөг байхгүй юу. Тийм болохоор яг түүнтэй адил бид ч бас "Эмоци"-ийнхоо дүү нарт мөн л адил боломж олгохыг зорьдог. Аль болох нээлттэй, боломжийг нь олгож ажилладаг.

-"Х-Түц"-ийн ах, эгч нартайгаа саяхан хамтарсан шүү дээ?

-Би X-Tuts продакшнаасаа гараад яг 10 жилийн дараа тэдэнтэйгээ хамтран “Зохиолгүй амьдрал” гэдэг жүжиг дээр ажилласан. Их сонин. Миний хувьд 10 жил болчихсон юм чинь тэднээсээ их хөндийрчихсөн, холдчихсон юм шиг санагдаад бүр бишүүрхэх ч юм болов уу, нэг л дотно байж чадах болов уу, үгүй болов уу гэж бодож байтал огт тийм мэдрэмж төрөөгүй. Бараг эхний өдрөө жүжгийнхээ зохиолыг унших гээд очиход л өчигдөр ажлаасаа тараад өнөөдөр эргээд ирж байгаа юм шиг яг тийм дотно мэдрэмж хэвээрээ байж байсан.

Урьд нь зан зангаа мэдэлцчихсэн ах эгч нартайгаа ажиллахад бие биенээ харцаараа ойлголцчихож л байгаа юм. Үнэхээр гоё байсан. Тэр ч бүү хэл бид Онон ах, Одноо эгч, Аглуу ах нараасаа маш их зүйл сурсан юм билээ. Мэргэжлийн, мэдрэмжтэй байхаас гадна ХҮН байхыг сурсан юм шиг санагддаг юм.

-Таны арын албанд бат зогсдог хүн хэн бэ?

-Би жүжигчин мэргэжлээрээ өнөөдрийг хүртэл ажиллахад хамгийн их дэмжиж, туслаж байдаг хүмүүс бол яах аргагүй миний аав, ээж хоёр. Тэр хоёр маань үнэхээр нөмөр нөөлөг, түшиг болж байгаа учраас би өнөөдөр ажлаа хийгээд, ажлаараа бахархаад явж байна. Ээж аав хоёр маань намайг дэмжиж, надад дэм болдоггүй байсан бол би одоо аль хэдийнээ хүүхдээ хараад гэртээ үлдээд, Тэмка ажлаа хийж байхсан болов уу. Тиймээс охиныгоо дуртай ажлаа хийх боломж, бололцоог байнга олгож, намайг ойлгож, дэмжиж байдаг аав ээж хоёртоо маш их баярлалаа. Хайртай шүү охин нь.

Хүмүүс аав ээжийнхээ ачийг хариулна гэхээр маш том юм боддог. Ерөөсөө л аав ээжийнхээ санаа сэтгэлийг зовоохгүй, сэтгэлийг нь амар тайван байлгачихвал энэ бол ачийг нь хариулж байгаагийн нэг хэлбэр. Өөр яаж ч хичээгээд ачийг нь хариулж чадахгүй шүү дээ. Тийм болохоор санаа сэтгэлийг нь л амар байлга. Тэр л аав ээждээ өгч буй хамгийн том ач.

-Ярилцсанд баярлалаа.

Хууль, хүчний байгууллагын төлөөлөл хурандаа, дэд хурандаа нар ХҮН намд элслээ
Хууль, хүчний байгууллагын төлөөлөл хурандаа, дэд хурандаа нар ХҮН намд элслээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.