УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдээ танилцуулж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Ногоон автобусны асуудлаар бүлгийн хурал хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Хамгийн гол асуудал бол нэг компани техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл авч ирсэн асуудал биш боллоо. Харин мафижсан тогтолцооны авлигалын пирамид үүссэн асуудал боллоо. Шууд гэрээ хийж, улсын нууц болгож байна.
Нэг агентлагийн зөвлөмжөөр улсын нууцад авсан байна. Өмнө нь мөн хичнээн шууд гэрээ хийж, улсын нууц болгосон бэ. Гэх мэт нухацтай ярилцах олон олон гэрээг ил болгох асуудал яригдлаа.
Тиймээс сая бүлгийн хурлаар дан ганц ногоон автобусыг тойрсон асуудлаар бус өнгөрсөн долоон жилийн хугацаан дахь нууц зөвлөмжтэй шууд гэрээнтэй холбоотой асуудлуудад анхаарч УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо" гэлээ.