Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Миний бие чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Тодруулбал, үүсээд байгаа асуудалтай холбогдуулан ёсзүйн хариуцлагаа хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ бүлгийн хуралдаанд ч танилцуулсан.
Ажлаас чөлөөлөгдөж байгаа учир нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажил явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага үүрч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.
Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулсан. Би хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудал яригдахаар улстөрч хүн нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хүлээгээд явах ёстой.
Ёсзүйн хариуцлага хүлээж буй нь надад гэм буруутай юм уу, эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл хийсэн зүйл байхгүй. Гэхдээ Засгийн газрын хүрээнд тавигдаж буй зорилтын хүрээнд 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан. Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан" гэлээ.