БНСУ-д бүлэг хүмүүсийн гарт зодуулсан иргэний мэдээллийг одоог хүртэл гэр бүлээс нууж байгаа талаар А.Болормаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн прокурорын бичигт 2021 оны зургаадугаар сарын 30-нд задлан хийснээс хойш гэж бичсэн байгаа юм. Гэтэл бидэнд нас барсан гэдгийг нь зургаадугаар сарын 30-нд хэлсэн. 2021 оны долоодугаар сарын 15-ны өдөр талийгаачийн ар гэрт цогцос, тэмдэглэлийн дэвтэр хүлээлгэж өгсөн. Миний дүү тэмдэглэлийн дэвтэр дээрээ 12 сая воныг захирлаасаа авах ёстой гэж бичсэн байсан. БНСУ дахь Консул гэдэг газар яг юу хийдэг байгууллага байдаг юм бэ. Би энэ хэргийг шийдүүлэхийн тулд БНСУ-ын Консулын газрыг зориод очтол яг л кино шиг юм болсон шүү. Би бүх холбогдох газраар явсан.
Манай дүүд мөнгө өгөх ёстой байсан захирлын орчуулагч н.Ариунзаяа гэж хүн дээр очиход "Манай захирлыг битгий уурлуул, уучлал гуй" гэж хэлсэн. Бүр "Таны дүүгийн задлан шинжилгээний хариу асуудалгүй бол 300 сая вон өгнө" гэж хэлсэн. Би энэ хэргийг шийдүүлэх гэж Солонгосын консулын газарт очиход Монгол тал мэднэ гэдэг. Монгол талд ирэхээр Солонгос тал мэднэ гэдэг. Цогцосны сэртэнгийн яс нь хугарсан. Үүнийг асуухад нас барсны дараа хугарсан гэдэг хариу хэлсэн. Яаж ийм зүйл байж болдог юм. Одоог болтол хэргийг шалгаж байна л гэдэг. Яагаад ийм мэдээлэл өгөөд байдаг юм. Бүр тэнэг болтол минь намайг явуулж байна. Нас барснаас нь 20 хоногийн дараа цогцосны зургийг явуулсан тул миний дүү мөн эсэхэд нь эргэлзэж байна" гэв.