“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ өнөөдөр (2023.09.13) БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж байна.
Тус чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож, үг хэллээ. Тэрбээр, "Эрчим хүчний аюулгүй байдлын үндсэн зарчим нь бидний өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг хангасан эрчим хүчний тогтвортой байдал, найдвартай хангамжийн цогц юм. Энэхүү үзэл баримтлал нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшил, экологийн тогтвортой байдлыг хангах үндсэн суурь болж өгдөг. Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал болоод эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед эрчим хүчний аюулгүй байдлын тухай ойлголт илүү өргөн ухагдахуунтай болж байна" гэсэн юм.
Мөн "Монгол Улсын хувьд эрдэс баялгийн нөөц, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа бөгөөд холбогдох хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд талууд нягт хамтран ажиллах болно. Бид эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх замаар нийлүүлэлтийн хомсдол болон үнийн хэлбэлзлийн эсрэг баттай зогсож чадна. Цөмийн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчилэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологиудыг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Иймд эдгээр салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ ногоон технологид шилжих зорилтыг нэн тэргүүнд дэвшүүлж байна" хэмээлээ.
Чуулга уулзалтын өнөөдрийн хэлэлцээ Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал, Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал, Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих, Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн асан, Митчел сан ТББ-ын тэргүүн А.Ундраа нар панелистаар оролцож байна.