“Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт"-ын талаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийж буй. Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирж буй автобусуудын тоо болон шугамд гарахгүй байгаа гэгдэх автобусуудын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Өнөөдрийн байдлаар цахилгаан автобус 35 ширхэг ирсэн байна. Одоогоор карт унших төхөөрөмж болон бусад бэлтгэл ажлуудыг хийж байна. Ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд үйлчилгээнд гарахаар төлөвлөсөн.
Мөн "Daewoo" брэндийн 20 автобус орж ирсэн. Нэмээд 100 ширхэг автобус есдүгээр сарын 10-н гэхэд орж ирнэ. Эдгээр автобусыг үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна. Парк шинэчлэлийн автобусууд 2023 онд бүрэн дуусна. Он гараад 78 цахилгаан автобус орж ирнэ.
Мөн үйлчилгээнд гарахгүй байгаа автобусуудын хувьд аливаа ашиглагдаж байгаа техникүүдийн хувьд тодорхой хэмжээний бэлэн байдал хангасан бүрэлдэхүүн байдаг. Энэ нь 10-т нэг техник хадгалаатай байдаг. Үүнийг стандартаар баталсан байдаг бөгөөд тодорхой хэмжээний техник хадгалагдаж байна. Энэ жил насжилтаар хасагдах техникүүдийг хасаагүй, явуулж байна. Журмаараа техникийн үзлэг оношлогоонд оруулж үйлчилгээнд явуулж байна" гэв.