Өнгөрөгч долоодугаар сарын эхээр Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын барилга, оффис руу ус орж, иргэд болон ААН байгууллагууд их хэмжээний хохирол амссан билээ. Тухайн үед Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах S'Outlets дэлгүүр голын гольдролыг өөрчилсөн гэх асуудалд холбогдож, Хотын дарга Д.Сумъяабазараас "Нураана" гэх үгийг сонсоод амжсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд үерийн нөхцөл байдал хүндрэхэд хүргэсэн хэнд ч болов хариуцлагын арга хэмжээ авч, шалгах талаар Ерөнхий сайд хүртэл албаныханд үүрэг даалгавар өгч байв. Тэгвэл өчигдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд БХБЯ-наас 2008-2023 оныг хамарсан Улсын комиссийн 8400 дүгнэлт ирүүлснийг нээлттэй мэдээллийн санд байршуулсан юм.
Нээлттэй мэдээллээс харахад, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдөр 275 дугаар захирамжаар авто машины засвар үйлчилгээний зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576 мкв газрыг олгосон байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудлыг хариуцаж байсан орлогч дарга 2015 оны А990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2409 мкв болгож тав дахин нэмэгдүүлж улмаар НЗД-ын 2022 оны А1626 захирамжаар зориулалтыг нь худалдаа үйлчилгээ болгон өөрчилсөн байдаг.
Тэгвэл тухайн барилгыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс 2015 оны аравдугаар сарын 14-ны өдөр хүлээн авсан бөгөөд түүнээс удаагүй одоогийн S'Outlets дэлгүүрийн удирдлагууд тус барилгыг түрээсийн зориулалтаар ашиглаж байгаад худалдан авч байжээ.
Тухайн үед захиалагчаар иргэн Д.Батзориг, Комиссын даргаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа ажиллажээ. Комисс нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан аж.
Тэгвэл анх голын ай сав дагуу олгогдсон тус барилгыг хүлээн авсан Улсын комиссийн бүрэлдэхүүний мэдээллийг та бүхэнд хүргэж байна.