Төрийн тахилгат Алтан овооны 110 жилийн ойг 8 дугаар сарын 5, 6-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тиймээс ойн баярын нээлтийг 8 дугаар сарын 4-ний 20.30 цагт хийхээр төлөвлөжээ. Улмаар тус өдрийн 22.30 цагт Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн лав хуврагууд долоон бурхан одыг тахих юм байна.
8 дугаар сарын 5-ны өглөө Алтан овооны тахилгын зан үйл болон бусад баяр наадам, урлаг соёлын үйл ажиллагаанууд хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана. Тодруулбал, Дарьганга өв соёлоо сурталчлах хүрээнд соёлын биет өв, биет бус өвийг өвлөн уламжлагчдаа алдаршуулах, сурталчлан таниулах арга хэмжээ, урчуудын үзэсгэлэн буюу чулуу, мөнгөн урлал, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд дэлгэгдэнэ.
Алтан-Овооны их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдана хэмээн зохион байгуулагчид мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар дөрвөн насны хурдан морины бай шагналын хандив төвлөрөөд байгаа бол хоёр насны морьдын бай шагналын асуудал яриа хэлэлцээрийн түвшинд байгаа аж.
Талбайг тойрсон 18 асар, хүндэтгэлийн гэрүүд баригдана. Мөн хүндэт зочид төлөөлөгч, хандивлагч нарт зориулсан 100 гэрийг барихаар төлөвлөжээ. Энэ удаагийн тахилгад 30 мянга гаруй хүн цуглана гэж тооцоолсон байна. Наадамчдад үйлчлэх хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 60-70 гэрт зөвшөөрөл олгож байгаа аж. Ингэхдээ худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон автомашинаас ямар нэг татвар хураамж авахгүй юм байна.