БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх хичээлийн шинэ жил ойртсонтой холбогдуулан нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй гэдгээ илэрхийллээ. Тэрбээр,
"2023-2024 оны хичээлийн шинэ жил нэгхэн сарын дараа эхэлнэ. Өнгөрсөн жил манай дүүрэг цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг шат шатандаа хамтарч ажилласны үр дүнд 100 хувь шийдвэрлэж чадсан. Энэ хичээлийн шинэ жилээр ч мөн адил цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүйн тулд ажиллана. Үүнтэй холбогдуулан боловсролын сайдаар ахлуулсан ажлын хэсэг манай дүүрэгт ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийт 16 сургуулийн 8912 сурагч байна. Үүнийг салбарын яам, Нийслэлийн зүгээс түргэн шуурхай арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Ялангуяа 14,84-р сургуулийн өргөтгөлийг эрчимжүүлж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулах, нийт 10 сургуулийг нэмэлт түрээсийн байранд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг хүссэн. Үүнд салбарын яам, Нийслэлээс шуурхай ажиллаж шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
Дашрамд дуулгахад Боловсролын яамнаас сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тогтолцооны шинэчлэлийг хийж, төрөлжсөн ахлах сургууль хоёрыг байгуулахаар шийдвэр гаргасан. Үүний нэг нь 26-р хороонд байрлалтай 133-р сургууль гэдгийг албаныхан хэлж байна" гэв.