Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд Ж.Сүхбаатар: Төрийн өндөр, дээд албан тушаалтнууд гэр бүлээрээ ашиг сонирхлоос ангид байх хатуу сонголттой нүүр тулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 51 секунд

Нийтийн албанд нийтийн болон, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодрууллаа.

-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хууль батлагдсанаар төрийн албанд ямар өөрчлөлтүүд хийгдэх вэ?

-Тийм. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орж байна. Уг хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар ч мөн энэ хаврын чуулган бол авлигатай тэмцсэн чуулган байх болно гэж тодотгож байсан. Мөн энэ хаврын чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлэг хийгдээд дуусаж байна. Одоо гол хууль эцэслэн батлагдах л үлдлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн гол ач холбогдлыг Ерөнхий сайд өөрөө УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн байдаг. Тодруулбал, бид саяхан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийлээ. Сонгуулийн хуулиа баталлаа. Улс төрийн намын тухай хуулиа батлах гэж байна. Энэ бүгд юуг харуулж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд авлига, хулгай Монголын хуулийг чөдөрлөж байна. Тэгэхээр энэ бол нэг намын асуудал биш учраас дээрээсээ эхэлж хуулиа чангатгая. Бусдад шаардлага тавьдаг байхын тулд өөрсдөө нэгэндээ шаардлага тавьдаг байя. Тэр тусам төрийн өндөр албан тушаалтнуудад тавьж буй шаардлагыг илүү чангаруулъя гэж хэлсэн.

Уг хуульд орж буй гол өөрчлөлт нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд, аймаг, нийслэлийн засаг дарга нар гэсэн төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан өөрчлөлт. Тооцоогоор 105 албан тушаалтан байгаа байх. Тухайн 105 албан тушаалтанд хоёр чиглэлээр зохицуулалт хийгдэж байгаа.

Нэгдүгээрт, дээрх төрлийн албан тушаалтнууд болоод тэдгээрийн гэр бүл болох эхнэр, нөхөр, хүүхдүүд нь төрөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, тендер, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж болохгүй. Үүнийг хориглосон ийм хязгаарлалт байгаа юм.

Хоёрдугаар хязгаарлалт нь тухайн албан тушаалтнуудын гэр бүлийн дээр дурдсан хүмүүс төрийн тэргүүн түшмэлийн албан тушаалд томилогдохгүй байх заалт бий. Бүх төрлийн удирдах албан тушаал гэж ойлгож болохгүй. Тодорхой хэлбэл, яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар гэсэн албан тушаалд томилогдох боломжгүй болж байна гэсэн үг. Үүнийг зөрчвөл хариулцлага хүлээх үндэслэл болно гэсэн заалт орж ирж байгаа юм. Мөн нөлөө бүхий компанийнхаа хувьцаа эзэмшигч байгаа тохиолдолд мөн зөрчилд тооцогдоно.

- Төрийн өндөр албан тушаалтнуудын нөлөө бүхий компани улсаас зарласан төсөл хөтөлбөр, тендерт оролцохгүй байх хязгаарлалт, хяналтыг яаж зохицуулах вэ?

-Хэрвээ тухайн албан тушаалтан нөлөө бүхий компанийн хувьцаа эзэмшигч бол аливаа худалдан авалт, тендерт тэр компани нь оролцож болохгүй болно. Гэр бүлийн гишүүдэд ч хамаатай. Тиймээс бид саяхан ажлын хэсэг дээрээ ярьж эцсийн өмчлөгчийг нь бүр өргөтгөөд нөлөө бүхий этгээд нь төрийн өндөр албан тушаал хашиж байвал худалдан авах ажиллагаанд оролцож, тендер авах боломж хаагдаж байгаа гэсэн үг.

-Зарим УИХ-ын гишүүд дээрх хуулийг баталснаар улс төр, бизнес хоёрыг салгах боломжтой болж байна гэж ярьж байна?

-Нэг талаас албан тушаалтнуудыг хязгаарлаж байгаа боловч гэр бүл рүү нь орчихоор тэдний эрхэд хязгаарлалт болно гэж зарим гишүүд болгоомжилж ярьж байгаа. Гэхдээ олон гишүүд юун дээр санал нэгдэж байна вэ гэхээр энэ цаг үед угаасаа УИХ-ын гишүүд олон нийтийн төлөө зүтгэнэ гэж хуулийн хориглолт, хязгааруудыг зөвшөөрөөд орж ирнэ. Тиймээс энэ хууль төрийн өндөр албан тушаалтнуудаас хувийн бизнесийг хамгаалж байгаа юм. Зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа. Гишүүдэд ийм зүйлд орж болохгүй гэсэн хүрээ хязгаарыг тогтоогоод өгөхөөр таны хэлдгээр бизнес, улс төр хоёр зааглагдаж байгаа юм.

Хуулийн үр дүн бол ялангуяа 2024 оны сонгуулийн дараа илүү гарна. Жишээ нь УИХ-д орох гэж байгаа хүмүүс ийшээ ороод хуулийн том хязгаарлалт, хоригуудтай нүүр тулах уу. эсвэл бизнесээ хөөх үү гэж эргэлздэг болно. Манай зарим улстөрчид бол бизнесээ бусдад шилжүүлэх үү, зарах уу гэдэг сонголттой тулна. Тиймээс л энэ хууль албан тушаалын хариуцлага, шаардлагыг тодорхой болгож өгч байгаагаараа онцлог юм.

Ярилцсанд баярлалаа

Улаанбаатарт +28 хэм дулаан байна
Улаанбаатарт +28 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.