“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос хойш 47 хоногийн турш үргэлжиллээ. Уг хуралд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн авсан зээлтэй холбогдуулан яллагдагчаар татаад байсан. Тус компанийн зээлд 37 хавтас хэрэг үүсгэн хэлэлцсэн юм. Шүүхийн хэлэлцүүлгийн дүнд "Вертекс" майнинг партнер компанийн зээл олголт зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй байгаад зогсохгүй үндсэн төлбөр болох 33 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 10,4 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гэм буруугүй гэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г. Амартүвшин, Х.Ганхуяг нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн тухайд Хөгжлийн банкны зээл олголтод тус банкны Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлсөн гэж прокурор яллах дүгнэлт үйлдээд байсан ч шүүхийн шатанд уг дүгнэлтээ баримтаар нотолж чадаагүй тул түүнд үүсгэсэн хэрэг үндэслэлгүй гэж үзсэн байна.