Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг АТГ-аас шалгаж байсан. Тодруулбал, түүнийг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Сануулахад, Ш.Алтанчимэг нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185.896.955 төгрөгөөр гэрээ байгуулж давуу байдал бий болгосон байна. Энэ нь улсад их хэмжээний хохирол учруулсан гэж АТГ-аас үзжээ. Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д, “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байна.
Түүнчлэн Ш.Алтанчимэг нь Ерөнхий нягтлан бодогчид амаар үүрэг өгч, банкны салбар руу мөнгө шилжүүлснээр 38.663.013 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.