Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт өнөөдөр (2023.05.26) гурав дахь өдрөө үргэлжилсэн юм. Сургалтын үдээс өмнөх хөтөлбөрөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Б.Буянхишиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх Б.Батчимэг нар “Фуллерийн” зарчмууд, түүний удирдлага, арга зүй, харьцуулсан эрх зүй ба эрх зүйн бүл, рецепци, хууль тогтоомжийн системчлэл, кодификаци, инкорпораци, консолидац болон хууль тогтоомжийн сан, бүртгэл зэрэг сэдвээр хичээл зааж, дасгал ажлууд хийв. Харин үдээс хойно сургалтад оролцогчид Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Тамгын газрын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа.
Олон улсын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ гардуулах ёслол боллоо. Гэрчилгээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гардуулав.
Сургалтад оролцогчид гурван хоногт нийт 24 цагийн хичээлд хамрагдаж, төсөл боловсруулагчийн баримтлах зарчим, тусгай ур чадвар, арга ажиллагаа, хууль зүйн техник, агуулга болон хэлбэрийн шаардлага, эрх зүйн рецепци, хууль тогтоомжийн системчлэл зэрэг олон сэдвийг шахуу хөтөлбөрөөр амжилттай судаллаа