Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийж байна. Энэхүү гурван талт уузалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцож байна.
Энэ үеэр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин "Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй байна. Төр зохицуулалтын ажлаа хийгээд аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй байна. Мөн МЭСҮТ-ийг төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна" гэв.
Харин МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал "Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Мөн сэтгэл гонсойлгож байгаа ч асуудал байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна" гэлээ.