Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ирэх долоо хоногт болох АХБ-ны Хөгжлийн түнш орны төлөөллүүдтэй биечлэн уулзах шаардлагатай тул хилийн хоригийг цуцлуулх хүсэлтийг шүүгчид тавьжээ. Тодруулбал тэрбээр гаргасан хүсэлтдээ "Шүүх хуралд байнга оролцож, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс өмгөөлөгчөөрөө болон өөрөө биечлэн мэдүүлэг өгч байна. Одоо гүйцэтгэж буй ажлын шаардлагаар Монгол Улсыг төлөөлөн томоохон төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийн уулзалтад биеэр оролцох, байр суурь илэрхийлэх зайлшгүй шаардлагатай.
Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч нар улсаа төлөөлөн оролцох шаардлагатай. Энэ сарын эхээр болсон, ОУВС-гийн хуралд оролцож чадаагүй. Дараа долоо хоногт АХБ-ны хурал болно. Хөгжлийн түншүүдийн зүгээс үл тоосон, хайхрамжгүй хандсан мэт сэтгэгдэл төрүүлж байгааг ойлгож, үүнийг харгалзан хилийн хоригоос чөлөөлж өгнө үү. Миний эзгүйд өмгөөлөгч миний өмнөөс шүүх хуралдаанд оролцоно. Өмгөөлөгчдөө итгэж байна ” гэснийг шүүх хуралдаан даргалагчийн зүгээс Хөгжлийн банкны хэргийн бүх оролцогч, шүүгчдэд Монгол Улсын хилээр гарахыг хориглосон. Энэ шийдвэр бүх хүнд тэгш үйлчилнэ. Хэрэг хянан шийдэх ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ ” хэмээн татгалзан хариу өгөв.
Дашрамд сануулахад, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөпд 2013 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа "Бэрэн" группийн зээлийн хуралд оролцож зээл олгох процессд нөлөөлсөн гэдэг үнэдслэлээр холбогдуулан шалгаж байгаа билээ.