МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр энэ үеэр ҮХНӨ-тэй холбоотой асуудалд мэдээлэл өгсөн юм.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "ҮХНӨ-тэй холбоотой асуудлаар өнгөрсөн наймдугаар сард УИХ-аас 54 дүгээр тоот тогтоол гаргаж, ЗГ-т өгсөн. Засгийн газар энэ дагуу ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт парламент болон Засгийн газрын сайтуудад төслөө албан ёсоор тавьсан. Төсөл тавих тодорхой хугацаатай. Тодорхой хугацааны дараа Засгийн газраар хэлэлцээд, ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барина гэж ойлгож байна. Өргөн баригдсаны дараа УИХ хэлэлцээд явна.
УИХ хэлэлцэхдээ хоёр зүйлд анхаарна. Үндсэн хууль бол хоёр зүйлийг заавал үндэслэж явдаг.
Нэгдүгээрт, иргэд сонгогчдын саналыг харгалзан үзнэ.
Хоёрдугаарт, парламентад суудалтай намууд зөвшилцөж байж явна. ҮХНӨ-ийн төслийг ирэх тав, зургаадугаар сард багтаан хэлэлцэх байх" гэлээ.