“Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл хуралдаанд хоёр шүүгдэгч ирээгүй тул тэднийг албадан авч ирэхээр болж, хуралдааныг 13.30 цаг хүртэл хойшлуулав. Тодруулбал, Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү, Ганхүдэр орд ХХК-ийн төлөөлөгч нарыг албадан ирүүлэхээр болсон байна.
Шүүгдэгч Б.Будхүүгийн хувьд хуралдаанд ирэх замдаа осолд өртсөн тул гарандаа боолт хийлгээд хуралдаанд очихоо мэдэгдээд байгаа юм.
Сануулахад, эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.