Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд”, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй гардаг талаарх гомдлыг иргэд ашиглалт, үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас гаргах болсон.
Энэ дагуу Ажлын хэсэг байгуулан, холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа аж. Одоогоор ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Улмаар насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологийн дээж авч шинжилсэн байна.
Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн. Удаа дараа өгсөн усны шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд, усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан байдаг.
Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвэнд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээгээр Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Улмаар “Пума констракшн”, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага үүсэж байгаа юм. Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй аж.
Уг асуудалд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Иймээс стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээ тавьсан, угсралт хийсэн компаниуд, ашиглалтад хүлээн авсан эрх бүхий байгууллагуудтай хариуцлага тооцно. Шугамыг сольж, шинэчлэх, иргэдийг хохиролгүй болгоход анхаарч ажиллана. Үүнд гарах зардлыг ажлыг гүйцэтгэсэн, хүлээн авсан байгууллагаас гаргуулахаар ярьж байна” гэв.