Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр товлогдсон. Тэгвэл АН-ын зарим гишүүд шүүхийн гадаа ирж үзэл бодлоо илэрхийллээ. Энэ үеэр АН-ын гишүүн М.Тулгат,
"Засгийн газар үндсэн ажлаа хий. Эдийн засаг элгээрээ хэвтлээ. Өнөөдөр хүмүүсийн амьдрал ямар байгааг харж байна уу. Эдийн засгийн өсөлт гэж байхгүй боллоо. Шударга ёсны төлөө тэмцэж байна гэдэг нэрээр хүмүүсийг шоронд хийж байна. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд шалаар нэг буучихлаа. Монголын шорон дүүрчихсэн байна. Дөрвөн хүн байх ёстой байтал найман хүн байна гэж яригдаж байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй боллоо. Бүгд шоронд орж, шорон дүүрч байна.
5Ш ажиллагаа гэж ярьсан гэтэл энэ нь 5ШОРОН ажиллагаа болж байна. 2050 онд Монгол орон Латин, Америкийн улсуудтай адил хоригдлоор дүүрчихсэн шоронтой орон болох юм уу. Засгийн газар, УИХ-ын гишүүд, байнгын хороо ажлаа хий. Шүүх засаглал ч ажлаа хий.
Баялаг бүтээгчид ч үгээ хэлж байна. 8 нэрийн барааны дэлгүүр эрхлэгчид зөвшөөрөл цуцлах болсон талаар ярьж байна. Хүний хувийн өмчийг төр хурааж авна гэсэн үг. Эрх баригчид сонгуульдаа бэлдэж, өөрсдийн дэлгүүр, бизнестэйгээ үлдэх юм байна. Өчигдөр Д.Монголхүүг хорьсон. Өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийг хорих гэж байна.
Д.Мөнх-Эрдэнэд таван хэрэг үүсгэсэн. Аль нэгээр нь ял эдлүүлнэ гэсэн үг. Ийм шүүх засаглалыг, ийм залхаан цээрлүүлэлттэй Монгол орныг бид хүсэхгүй байна. АН эрх чөлөөний төлөө хатуу тэмцэнэ. МАН аятайхан байгаарай" гэв.