Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кристиано Роналдо Арабд хэрхэн амьдарч байгаа вэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 48 секунд

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард карьерынхаа хамгийн сонирхолтой шийдвэр гаргаж, Саудын Арабыг зорьсон К.Роналдогийн Араб дахь амьдрал хэр байгаа талаар "Talk sport" сайтад ийнхүү нийтэлснийг сийрүүлэн хүргэж байна.

"Эр-Рияд хотод ирээд нэрт хөлбөмбөгчин маань гэр бүл, хувийн туслахуудын хамтаар “Хаант улсын төв” нэртэй олон давхар барилгад тухалсан. Нийт 99 давхар уг барилга нь Саудын Арабын хоёр дахь өндөр тэнгэр баганадсан барилга бөгөөд Мекка дахь “Абраж Аль Бейту”-гийн дараа ордог. Нийслэлийн хамгийн өндөр барилгад мэдээж хамгийн шилдэг ресторанууд, брэндийн дэлгүүрүүд, тухтай зочид буудал ч бий. Тэрбээр тус барилгын зочид буудалд сарын 300 мянган еврогоор “багийнхантайгаа” нийт 17 өрөө хөлслөн суух болсон ч зочид буудлын өрөөний хөршүүдтэйгээ байнга тааралдаж, олны анхааралд байхаас залхсан тул тусдаа эдлэн газар түрээслэхээр шийдсэн аж.

Харин түүний эдлэн хаана байгааг одоогоор хэн ч мэдэхгүй. Шинэ байрныхаа байрлалыг нууцлахын тулд португал тоглогч бүхий л арга хэмжээг авсан бололтой. Гэсэн хэдий ч Криштианугийн амьдарч болох хоёр газрыг “олоод” байна.

Эхнийх нь Аль-Мохаммади дүүрэг бөгөөд “Аль-Наср” багийн цэнгэлдэх хүрээлэнтэй тун ойрхон байрладаг аж. Угаас баян Рияд хотын “баялгийн арал” гэгддэг эл хэсэгт нийслэлийн хамгийн тансаг барилга, хамгийн үнэтэй зоогийн газрууд бий. Дэргэд нь Гадаад харилцааны яам, худалдааны хамгийн том төвүүд ч бий. Гэхдээ ойрхон сургууль байхгүй нь сул тал болдог.

Удаах нь Аль-Мохаммади дүүргийн зэргэлдээ орших Аль-Нахил дүүрэг. Тус дүүрэг нэрт тоглогчид илүү таалагдсан байх магадлалтай. Мөн л баячуудын дүүрэг. Гэхдээ олон улсын хэд хэдэн дунд сургуультай. Эндээс багийн цэнгэлдэх хүрээлэн холгүй байдаг, шилдэг ресторан байхгүй ч дотроо парктай юм.

Эл хоёр байрлалын алийг нь К.Роналду сонгосон нь тодорхойгүй боловч нийгмийн сүлжээнд тавигдсан зургуудаас нь үзвэл тэрбээр өндөр барилгад бус хувийн эдлэнд амьдарч байгаа нь харагддаг. Тэрбээр Саудын Арабт хөлбөмбөг тоглохоос гадна байнга гадуур аялаж буй.

Тэрбээр хэд хэдэн удаа тансаг зоогийн газарт, тодруулбал Армен хоолны “Lavash” хоолны газарт хоёр ч удаа, “Miyazu” япон хоолны газарт очсон аж. Мэдээж К.Роналду зугаа цэнгээнээс хол байсангүй. Тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр найз Жэйк Полыгоо боксчин Т.Фьюритэй тулалдахыг нь очиж үзсэн. К.Роналду өглөөний бэлтгэлдээ яарч байсан учир тулааныг дуусгалгүй явсан ч М.Тайсонтой зургаа авахуулж амжжээ. Түүнчлэн түүнийг “Формула-1” уралдааны “Саудын Арабын Гран При”-г үзнэ, заавал очиж үзэх тухай гэрээнд нь тусгасан гэсэн яриа гарсан. Гэхдээ Португал тоглогч эл уралдааныг очиж үзээгүй билээ.

Эдгээрээс гадна тэрбээр олон нийтийн арга хэмжээнд оролцож, орон нутгийн албаны хүмүүстэй уулзаж, Саудын Арабын “Диснэйлэнд” гэж болох паркаар зочлоод амжсан. Харин К.Роналдугийн эхнэр Жоржина Милан, Мадрид зэрэг дэлхийн томоохон хотуудад болдог арга хэмжээнд оролцож, мөн амарч байгааг нь түүний нийгмийн сүлжээн дэх зургуудаас харж болно. Түүнчлэн түүний тухай “Намайг Жоржина гэдэг” нэртэй цувралыг Netflix компани гаргаж байгаа тул бүр ч завгүй болжээ. Хосуудын том хүү Роналду Жуниор 12 настай ч хэд хэдэн улс, хүүхдийн баг солиод байна. Өдгөө тэрбээр “Аль-Наср”-ын хүүхдийн багт тоглож, араб хэл сурч, араб заншлаар хувцаслаж эхэлжээ.

Харин К.Роналдугийн Араб дахь амьдралын талаар нэрт хөтлөгч П.Морган “Тэр их жаргалтай байгаа. Түүнтэй би хэд хэдэн удаа утсаар ярьсан. Талбай дээр, талбайн гадна ч болж байгаа зүйлд тэр сэтгэл хангалуун гэдгээ илэрхийлсэн” хэмээн өгүүлжээ.

Э.Ариунтуяа

Д.Амарбаясгалан: Ажлын цагийг 08.00 цаг болгохоор сургууль цэцэрлэгийг 07.00 цаг болгох уу. Тэгэхээр нийтээрээ л цагаа урагшлуулсан нь зөв 
Д.Амарбаясгалан: Ажлын цагийг 08.00 цаг болгохоор сургууль цэцэрлэгийг 07.00 цаг болгох уу. Тэгэхээр нийтээрээ л цагаа урагшлуулсан нь зөв 
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.