Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Чунчин хотод технологи, үйлдвэрлэл, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр оюутнууд сургах, мэргэжил дээшлүүлэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 48 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй. Энэ хүрээнд тэрбээр Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзаж, цаашид боловсрол, эдийн засаг, худалдаа, технологи, соёлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тэлэх талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

-Та БНХАУ-ын Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзлаа. Энэ уулзалтын ач холбогдол юу байв?

-2022 оны тавдугаар сард бид Чунчин хотын удирдлагатай цахимаар уулзаж, Ах дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн уулзалт цар тахлын дараа, бас биечлэн болж байгаад хоёр тал нэлээд ач холбогдол өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар олон зүйлийг хэлэлцэж тохирлоо. Чунчин хот БНХАУ-ын баруун бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл, санхүүгийн том тулгуур төвүүдийн нэг болж хөгжиж байна. Тиймээс боловсрол, соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломж маш их.

-Тухайлбал, ямар байдлаар хамтран ажиллах боломж байна вэ?

-Нэгдүгээрт, эдийн засаг, худалдааны салбарт хамтрах бүрэн боломжтой. Улаанбаатарын зүгээс эрүүл, шимтэй мах, махан бүтээгдэхүүнээ нийлүүлэх, нөгөө талаас чанартай, хямд ногоо, жимсээ эндээс авах бололцоо бий. Мэдээж эдийн засаг, худалдааны эргэлт нэмэгдэхтэй зэрэгцээд тээвэр, тэр дундаа агаараар ачаа тээвэрлэх гарцын талаар хэлэлцэх болно.

Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд технологийн шийдлүүдийг нь нэвтрүүлж болж байна. Хотод тулгамдаж байгаа асуудлын оновчтой шийдлийг хотынхоо аль нэг дүүрэгт турших байдлаар нэвтрүүлээд явах зэргээр хамтран ажиллана. Үүнийг дагаад нийгмийн салбар, тухайлбал боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломж гарч ирж таарна. Чунчинд инженер, харилцаа холбооны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг томоохон их сургуулиуд бий. Мөн Шанхай, Чанчунь хоттой зэрэгцдэг хүнд машин механизм үйлдвэрлэгч хот. Тиймээс технологи, үйлдвэрлэл, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр оюутнууд сургах, мэргэжил дээшлүүлэх боломжтой гэж харлаа.

-Улаанбаатар Чунчинтай Ах дүү хотын харилцаатай. Энэ чиглэлд ямар ажлууд хийх, яаж хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар, Чунчин хотын хооронд байгуулсан Ах дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд хоёр хотын бодит харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

Ах дүү хотын харилцааны хүрээнд бид соёл, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Тухайлбал, хотуудынхаа соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулдаг болох, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргах талаар хэлэлцсэн. Тэр тусмаа 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран сонирхолтой маршрутуудыг санал болговол үр дүнтэй, оновчтой байна гэж харлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Яллагдагч нарыг бүгдийг нь урьдчилсан хэлэлцүүлэгт орох санал гаргалаа
Яллагдагч нарыг бүгдийг нь урьдчилсан хэлэлцүүлэгт орох санал гаргалаа
 
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц