Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮНИЙ ХАЙЛАНГУУД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 13 секунд

Монгол Улсын хүний хайлан шалгаруулах бүх ард түмний наймдугаар олимпиад эхэллээ. Энэ удаагийн олимпиадад оролцогчид нь дандаа гуйлгачид байгаа нь онцлог юм. Урьд өмнө биеэ зассан \шээж баагаагүй зүгээр л зайсанд байртай тав далтай гэсэн үг\ гэрээ зассан, одоо төрөө заснаа гэсэн бийлэгжүү хайлангууд өрсөлддөг байсан бол энэ удаад үгээгүй хоосноо сурталчилж хаан банкны дансаа нүүр номоор нэг нялсан ёстой цай ч гүй царай ч үгүй юмнууд өрсөлдөж байна. Эрдэнэт уурхайн тэн хагасыг авчихсан банкны боссууд, Эрдэнэ вандаа зуун сая ембүүгээр өргөл барьсан ноёдууд хүртэл гуйлга гуйгаад байх нь нэг л эвгүй, бас үнэмшил муутай.

Өөрийнхөө хөрөнгөөр гарч ирсэн хүний хайлан чинь идэж уудаггүй юмаа гэхэд ядаж нэг шархаа нөхөж таарна л даа. Ийм энгийн логикыг манай ард түмэн ойлгохгүй, юм үзсэн хөрөнгө бэлтэй хүн л дээшээ гарах хэрэгтэй гэсэн хандлагаар хайлангуудаа шалгаруулж ирсэн. Харин эрх баригч намын дарга нь пал хийтэл үнэнээ хэлээд одоо больё, өнгө мөнгөгүй сонгууль хийе гэчихсэн нь ёстой нэг шок, бусдыгаа хөлдөө чирсэн явдал болж, аль үнэтэй өөдтэй гэснээр алиалж олны сэтгэлийг татаж ирсэн бийлэгжүү хайлангуудаа тавгүйтүүлж орхижээ. Гуйлга гуйх нь бүү хэл задгай мөнгө тоолж үзээгүй бийлэгжүү хайлангууд сурсан дассан технологио хийж чадахгүйд хүрч алиалж марзагнах шинэ аргуудыг олох хэрэгтэй боллоо. Гуйлга цаашаа бүр буу зэвсэг угсраад эхэллээ. Буудаж ална шүү гээд байгаа юмуу? өмнөөс нь хэнийг ч буудна гээд байгаа юм уу бөө мэд. Ямартай ч бид их юм үзэхнээ. Орой халамцуу ороод ирэхэд оронд чинь ч хэвтэж байж магад. Өглөө шартаад сэрэхэд бантан багсарч байж ч мэдэх нь. Эвий муу хайлангууд минь.

Цаашаа ямар хайр энхрийлэл ханхлуулсан уриа лоозон гарч ирэх болоо гэхээс бүр аазгай хөдлөн тэчьяадна. Та бидний эвсэл энэ тэр гээд халуун нялуун нэртэй бүлгэмүүд гараад ирэв. Айл бүрийг тэрбумтан болгох шинэ намын дарга хайлан нь улс төр энтертайментаа жаахан хойш нь тавиад аж ахуйдаа анхаарч яваа нэгэн билээ.

Олимпиад албан ёсоор эхлэхээр хайлангууд маань бүр хайлж, тайчиж элдэв янзын юм үзүүлэх шинжтэй шүү. Ордон тийш зүглэх хайлангийн зам балрахгүй, миний эх орон хайлангуудын юм билээ.

ШУУД: Ардчилсан нам сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ
ШУУД: Ардчилсан нам сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.