Энэ нь "Твиттер" компани анх удаа төрийн өндөр албан тушаалтны жиргээн дээр "баримтыг нягтал" шошгоо ашигласан тохиолдол юм. Зургийн эх сурвалж: New York Times
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээг “Твиттер” компани анх удаа баримтыг нягтлах ёстой гэсэн шошго тавьж нийтэлжээ. Ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсандаа “Шуудангаар саналын хуудас авах нь хуурамчаар үйлдэх боломжгүй зүйл юм” хэмээн жиргэхэд нь ийм тэмдэг оруулсан байна.
“Твиттер” жиргээний доор анхааруулах шошго тавьж, төөрөгдүүлсэн мэдээллийн талаар авах шинэ бодлогоо тайлбарлажээ.
Трамп үүний дараа твиттер хуудсаараа дамжуулан нийгмийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх компани “үг хэлэх эрх чөлөөг бүхэлд нь хааж байна” гэж мэдэгджээ. Тэрээр “Би ерөнхийлөгчийн хувьд ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй!” гэж мэдэгдээд “Твиттер”-ийг АНУ дахь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгажээ.
Твиттерийн “баримтыг нягтал” шошго нь жиргээнүүдийн доор цэнхэр өнгөөр бичигдэж, анхааруулах тэмдгийн хамт харагдах бөгөөд Трампын жиргээний дор “шуудангаар саналын хуудсас авах тухай баримтуудыг олж уншихыг санал болгож байна” гэжээ.
Ноён Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны менежер Брэд Парскал нийгмийн хэвлэл мэдээллийн компанийн энэхүү алхмыг “Хуурамч мэдээний тэнцвэргүй “баримт шалгагчтай” хамтарч байгаа нь “Твиттер”-ийн улс төрийн найдвартай байдлыг манантуулах оролдлого гэдэг нь ойлгомжтой байна. Бид зар сурталчилгаагаа твиттерээс хэдэн сарын өмнө татаж авсанд олон шалтгаан бий. Улс төрийн өрөөсгөл хандлага нь тэдгээрийн нэг юм” хэмээн шүүмжилжээ.
“Твиттер”-ийн Баримтыг нягтал шошго талаар:
“Твиттер”-ийн шошго дээрх холбоос нь хэрэглэгчдийг Ерөнхийлөгч Трампын шуудангийн саналын хуудсын талаарх жиргээг “үндэслэлгүй” гэж тайлбарласан хуудас руу чиглүүлдэг. Үүний дараа твиттерт АНУ-ын ерөнхийлөгчийн хуурамч мэдэгдэл гэж хэлсэн шошголсон мэдээллийг батлах “та мэдэж байх ёстой” гэсэн хэсгийг гаргаж өгчээ.
"Твиттер" нь өөрийн сайт дээрх хуурамч буюу төөрөгдүүлсэн мэдээллийн дор анхааруулах тэмдэглэгээг өсгөхөө амласан байна. "Твиттер" энэ сарын эхээр анхааруулах шошготой нийтлэх бодлогоо шинэчилжээ.
Г.Мандахбилэгт