Гэрээсээ 10 гаруй тэрбум төгрөгөө хураалгаад буй С.Батдөлийн цагдан хорионы шүүх хурлыг хийлгүй, сулласан хэмээн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоог иргэд шүүмжилж буй. Тодруулбал, ЭЦГ-аас С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргасан ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо өмгөөлөгч байхгүй, ажлын цаг дууссан гэсэн үндэслэлээр цагдан хорионы хурлыг хийгээгүй гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл уг асуудалд шүүгч Г.Золбоо тойм мэдээлэл гаргажээ. Түүний бэлтгэсэн мэдээлэлд "2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар С.Батдөлийг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусаж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч С.Батдөл “өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ...”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах...” гэж тус тус заасныг баримтлан яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авч “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
Жич: Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан болно" гэжээ.
Сануулахад, энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй.
С.Батдөлийг цагдан хорих боломжгүй гэх шийдвэр гаргасан шүүгч Г.Золбоо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 42 дугаар зарлигаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдож байжээ.