Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: “Бөртэ чоно-2022” наадмын ШИЛДГҮҮД

Ангилал
Нийгэм Спорт Спорт
Огноо
Унших
5 минут 54 секунд

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2022" шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Чингис хааны музейд өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэгвэл тус наадмын шилдэг тамирчдыг танилцуулж байна.

2022 ОНЫ МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН "ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР" /ЖҮДО БӨХ/

Цогтбаатар өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга болсон амжилтаараа 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзнээр тодрчээ.

Жүдочдоос өмнө нь Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар Оны шилдэг тамирчин шагналын эзэн болж байв.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН "МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ" /ХҮНДИЙГ ӨРГӨЛТ/

Тивийн аваргад түрүүлж, дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн туйванч М.Анхцэцэг авсан оноогоороо эмэгтэй тамирчдыг тэргүүлж, 2022 оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болов.

Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод 4-р байр эзэлж, дэлхийн аварга болсон амжилтаараа шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч байсан билээ.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН "МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ" /ЧӨЛӨӨТ БӨХ/

Чөлөөт бөхийн хүнд жинд цахиур хагалж яваа М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, оны шилдэг тамирчнаар дахин тодорлоо.

Тэрбээр 2022 онд дэлхийгээс мөнгөн медаль зүүж, Туркийн олон улсын тэмцээнд үзүүрлэж, Казахстаны тэмцээнээс хүрэл медальтай ирсэн төдийгүй дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байна.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН "ЭНХТАЙВАНЫ АРИУНБОЛД" /ЖҮДО БӨХ/

Өнөө жил Ташкентийн дэвжээнд одтой барилдаж, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн жүдоч Э.Ариунболд оны шилдэг эрэгтэй тамирчны санал асуулгын гуравт жагсаж, “Бөртэ чоно”-ын эзэн болов.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН "ДОЛГОРЖАВЫН ОТГОНЖАРГАЛ" /ЧӨЛӨӨТ БӨХ/

Жилийн өмнө тэрбээр 20 насандаа оны шилдэг залуу тамирчны шагналыг гардсан. Тэгвэл энэ жил амжилтаа ахиулж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорлоо.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН "ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН" /ЖҮДО БӨХ/

Жүдоч Л.Энхрийлэн дэлхийн аваргаас анхны медалиа зүүж, Улаанбаатарын Их дуулга тэмцээнд аваргалсан амжилтаараа оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч, “Бөртэ чоно”-ыг анх удаа хүртэв.

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН "ШАРАВЖАМЦЫН ЭНХИЙН-ОД" /САГСАН БӨМБӨГ/

Энэ төрөлд 15 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од, өсвөрийн дэлхийн аварга шатарчин Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга самбочин О.Оюунчимэг, өсвөрийн Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт жүдочин М.Нандин-Эрдэнэ нар эцсийн шатанд тунан үлдсэн.

Улмаар Ш.Энхийн-Од оны шилдэг залуу тамирчны шагналыг хүртлээ. Түүний шагналыг төрсөн ах Ш.Мөнхийн-Од өмнөөс нь гардан авсан юм.

СПОРТ ТОГЛООМЫН ШИЛДЭГ БАГ "САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ"

2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд 3 ялалт байгуулж дараагийн шатанд шалгарсан сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ оны шилдэг спорт тоглоомын багаар тодорлоо.

Шилдэг багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан юм.

ПАРАЛИМПЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН "Л.ТУРУУНАА" /ПАРА ЖҮДО БӨХ/

Дөрвөн жилд нэг удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Туруунаа 2022 оны паралимпын шилдэг тамирчнаар тодров.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО "МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН АКАДЕМИ"

Монголын үндэсний олимпын академи 2022 онд сургалт семинар, зөвлөгөөн, симфозиум, олон улсын форум зэрэг 18 арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.

МҮОХ, БТСУХ, БШУЯ-тай хамтран зохион байгуулсан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд 450 гаруй сургуулийн хэмжээнд олимпизмыг сурталчилсан мянга гаруй арга хэмжээг зохион байгуулсан үзүүлэлтээр Ажил мэргэжлийн шилдэг холбоогоор шалгарлаа.

ОЛИМПЫН БУС ТӨРЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО "МОНГОЛЫН ЖЮҮ-ЖИЦУГИЙН ХОЛБОО"

Монголын жюү-жицугийн холбоо хоёр жил дараалан олимпын бус төрлийн шилдэг холбоогоор шалгарч байна.

ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО "МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО"

Монголын чөлөөт бөхийн холбоо спортын амжилтаас гадна маркетинг, байгууллагын хөгжлийн үзүүлэлтээр олимпын төрлийн шилдэг холбоогоор шалгарав.

Мөн оны шилдгүүдээр,

  • ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – ЦЭНДИЙН БАЯРСАЙХАН
  • ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – ПҮРЭВДОРЖИЙН НЯМЛХАГВА
  • ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – ГАНХУЯГИЙН ҮҮРЦОЛМОН
  • ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО – МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
  • ОНЫ ШИЛДЭГ ШҮҮГЧ – НАРАНЧИМЭГИЙН ЭРДЭНЭБААТАР (ТАЕКВОНДО)
  • СПОРТЫН ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА – ЕВРО ТРЭЙВЕЛ ХХК
  • ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА – ЕВРО ТРЭЙВЕЛ ХХК
  • СПОРТЫН ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА – ХАС БАНК
  • СПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ–ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР
  • СПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – UG ARENA
  • СПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – “НҮХТ” СПОРТ ЦЕНТР
  • ШИЛДЭГ СПОРТЫН СЭТГҮҮЛЧ – НАМСРАЙН БЭЛГҮҮН (UBS TV)
  • ШИЛДЭГ ОЛИМПЫН ЗҮТГЭЛТЭН – ЖҮГДЭРИЙН ОТГОНЦАГААН
  • ШИЛДЭГ ОЛИМПЫН ЗӨВЛӨЛ – БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “НАГАНО” ОЛИМПЫН ЗӨВЛӨЛ
  • ШИЛДЭГ ОЛИМПЫН ТАНХИМ – БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “ЭРДМИЙН УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН “ТОКИО-1964” ОЛИМПЫН ТАНХИМ тус тус шалгарав.

“Woody’s Residence” хотхоны бохирын худаг хальж, Туул голд цутгажээ
“Woody’s Residence” хотхоны бохирын худаг хальж, Туул голд цутгажээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц