“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгасан бөгөөд зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөө баталж, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгохоор тусгасан байна.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг. Тус зөвлөл санал асуулга явуулах сэдвүүдээ боловсруулдаг. Үүний дараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйл дэх Зөвлөлдөх санал асуулгаар санал авах журмын хүрээнд санал асуулгыг зохион байгуулна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байдаг.
“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 33 нь 62.3 хувийн саналаар дэмжин баталлаа.