"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон бусад цаг үеийн асуудлаар “Бодь Интернэйшнл” компанийн хувьцаа эзэмшигч Д.Баясгалан /"Голомт"-ын Баясгалан/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "2015-2019 оныг хүртэл Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төсөл зогссон. Гашуунсухайтын төсөл бол маш чухал төсөл. Нүүрсний тээвэр ордоосоо илүү чухал гэдгийг бүгд мэдэж байгаа. Төслийн гэрээний нийт өртөг 1,005.6 сая. ам доллар. Энэ нь нийт зургаан багц ажилтай. Тодруулбал,
- Төмөр зам
- Дохиолол холбоо
- Барилга байгууламж
- Эрчим хүч
- Хөдлөх бүрэлдэхүүн
- Завсварын тоног төхөөрөмж. Багц ажлуудын нийт дүн 896,1 сая.ам долларын өртөгтэй. Захиалагчийн зардал 18,1 сая.ам доллар. НӨАТ 91,4 сая.ам доллар.
Энэ зургаан багц дотроос төмөр зам өөрөө 474,2 сая. ам далларын өртөгтэй. Энэ нь нэг км төмөр зам нь 1,460 мянган ам.долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй байгаа. Энд ярьж байгаа бүх зүйл баримт нотолгоотой, 2013 оны AECOM-оор гарсан өртөг.
Гэтэл биднийг хүмүүс маш өндөр өртөгтэй буюу нэг километр замыг 5 сая ам.долларын өртгөөр барьсан гээд байгаа. Гэхдээ өртөг нь 1,460 мянган ам.доллар.
Мөн энэ төмөр зам бол нэгдүгээр зэргийн төмөр зам. Бусад нь гуравдугаар зэргийн төмөр зам. Энэ хоёр хоорондоо маш их зөрүүтэй. Бид харин маш хямд өртгөөр барьж өгсөн" гэв.