Яг энэ цаг үед нүүрсний хулгайн хэрэг тойрсон асуудлууд эрчээ авч байна. Хууль хүчний байгууллагууд ч хэдийнээ хөдлөөд эхэлсэн. Нүүрсний олборлолт, экспорт, нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар дарга даамлаас нь авхуулаад "асуултын тэмдэг"-тэй хүн бүхнийг шалгаж байгаа. Тухайлбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө АТГ, ЦЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг баривчилсаны маргааш нь Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Үүнээс гадна экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч мөн адил шалгаж эхлэх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлээд буй.
Тэгвэл Б.Ганхуяг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний араас нүүрсний зарим асуудалд "ам нээж" эхэлжээ. Ингэхдээ түүний өгсөн мэдүүлгийн дагуу "Тавантолгой Транс" ХХК-ийн захирал Д.Дагвадоржийг шалгаж эхлэх гэж байгаа талаарх мэдээлэл байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Тавантолгой Транс" ХХК-ийн захирал Д.Дагвадорж нь Б.Ганхуягийн хууль хүчнийхэнтэй холбоотой асуудлуудын "арыг дааж" зохицуулж өгдөг байсан гол хүмүүсийн нэг гэгддэг аж. Энэ хүрээнд нүүрсний хулгайн асуудалд голлох үйл ажиллагааг явуулсан байж болзошгүй компаниудын нэгээр нэрлэгдэж буй гэнэ. Зарим мэдээллийн хэрэгслээр, "ажнай" Д.Бат-Эрдэнийг шалгаж буй талаарх мэдээллүүд гарсан. Тэгвэл түүний араас шалгагдах хүн нь "Тавантолгой Транс"-ын Д.Дагвадорж бололтой.