Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: I эгнээгээр явах автобусны хурд 2014 онд 22 км/цаг байсан бол 2022 онд 11.6 болон багасаж, I эгнээний торгууль төлөлт 28.3 хувь болж буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 21 секунд

Хоёр, гуравхан жилийн дотор биш өнгөрөгч 20-30 жилийн хугацаанд ужгирч бүрэлдсэн түгжрэлтэйгээ бид дорвитойхон бодлого, үр дүнтэй шийдлээр тэмцэхээс өөр аргагүй нөхцөл байдалд тулж ирээд байна. Харин түгжрэлийн эсрэг шийдлийн нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлт хэмээн тавьсан. Үүний хүрээнд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатараар ахлуулсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос нийтийн тээврийн автобуснуудыг шинэчлэх ажлыг НЗДТГ-тай хамтран хийж эхлээд буй. Жишээлбэл, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирэхээр болсон.

Гэвч нийтийн тээврээ хэдэн мянгаар нь оруулж ирж, олон нийтэд үйлчлэх хүртээмжийг нь нэмэгдүүлсэн ч нэг байтугай автозамын бүх эгнээнд түгжрэл үүсдэг болсон нөхцөл байдал бидний өмнө хэвээр байгаа билээ. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрөгч долоо хоногт хуралдсан Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит хурлаас арванхоёрдугаар сарын 5 буюу өнөөдрөөс нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод буй.

Тэгвэл нэгдүгээр эгнээгээр зорчих нөхцөл байдал 2014 онд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар алдаа оноотой явж ирсэн талаар мэдээллийг дараах датанд тулгуурлан уншигч танд хүргэхээр бэлтгэлээ.

-2014 онд автобус нэгдүгээр эгнээгээр 22.1 км цагийн хурдтай зорчдог байсан бол 2022 онд 11.6 болж БУУРСАН-

2014 онд нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэр гарснаар автобусны эргэлтийн хугацаа ойртож, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минутад зорчих боломжтой болсон гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байжээ. Энэ байдал шууд утгаараа автобусны зорчих хурдад өөрчлөлт орсныг илтгэж буй юм. Гэтэл 2014 онд нэгдүгээр эгнээгээр 22.1 км/цаг хурдтай хөдөлгөөнд оролцдог байсан автобусны хурд 2022 он буюу найман жилийн дараа 11.6 км/цаг болтлоо буурсан үзүүлэлтийг дээрх графикаас харж болохоор байна.

-I ЭГНЭЭ: Автобуснууд түгжрэлийн оргил үед явган хүний дундаж хурдтай тэнцэхүйц хурдаар хөдөлгөөнд оролцдог-

Албаныханы мэдээлж буйгаар, нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих дундаж хурдыг 18 км/цаг хэмээн тогтоосон байдаг. Гэтэл түгжрэлийн оргил цагуудад хувь, хувьсгалын унаанууд нь хүртэл нэгдүгээр эгнээнд "элсэгч" болж нэмэгдсэнээр автобуснууд явган хүний дундаж алхалтын хурдтай дүйх буюу 0-7 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байна. Өөрөөр хэлбэл, зарим үед автобуснууд ТЭГ ЗОГСОЛТ хийж байна гэсэн үг.

-Нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийн ҮР ДҮН яагаад буурав-

Тэгвэл 2014 онд түгжрэлийн эсрэг гаргаж байсан эл шийдэл ЯАГААД үр дүнд хүрч чадалгүй буурах боловч яагаад нийтийн тээврийн автобуснууд жил ирэх тусам хангалтгүй хурдаар хөдөлгөөнд оролцож байна вэ гэх асуултад хариулт болох ХОЁР ӨГӨГДӨЛ байна.

Нэгдүгээрт, өмнө хэлсэнчлэн хувь, хувьсгалын хамааралгүйгээр иргэд нэгдүгээр эгнээгээр зорчих байдал эрс нэмэгдсэн. Үүнийг илтгэх нэг үзүүлэлт нь ТОРГУУЛЬ. Учир нь, 2015 онд 167,613 тээврийн хэрэгсэл торгуульж байсан бол энэ тоо 2022 онд 379,192 буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хоёрдугаарт, төрийн зүгээс эл асуудалд үзүүлэх хариуцлагын механизм алдагдсан нь нөлөөлжээ. Тухайлбал, 2015 он буюу эхний жил 2 тэрбум 868 сая төгрөгийн торгууль тавигдсанаас 2 тэрбум 357 сая төгрөг буюу 82.2 хувьтай төлөгдсөн байна. Гэтэл 2019 оноос хойш торгуулийн дүн нэмэгдсэн ч эргээгээд торгууль төлөлт нь эрс буурч эхэлжээ. Эл үзүүлэлт буурсаар 2022 онд торгууль төлөлт 28.3 хувь болж буураад байна.

Үүнд иргэдийн хариуцлагагүй байдлаас гадна энэ байдалд хууль, журмаа хэрэгжүүлж, хяналт тавьж чадахгүй байгаа үйл явц ч нөлөөлж буйг дахин тэмдэглэе.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээ л зорчуулах ажлаа цаашид ч үр дүнд хүргэе гэвэл дээрх хоёр АЛДААГ давтаж болохгүй. Үүнд, Хот хариуцсан сайд нь ч, Хотын дарга нь ч, холбогдох албаныхан нь ч анхаарах хэрэгтэй байна. Давтан сануулах хоёр агуулга ч байна.

Нэгдүгээрт, нэгдүгээр эгнээгээр зорчуулах асуудлыг дүрэм, журам болгон албажуулсны утга учрыг гаргах хэрэгтэй. Тэр тусмаа Замын хөдөлгөөний удирдлагын төв газар нь торгуулийн асуудалдаа анхаарал хандуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, иргэдэд уриалах нь. Хотын төвийн нэгдүгээр эгнээгээр зорчихоо болъё. Эл эгнээгээр нийтийн тээврийн автобус болон онцгой байдал, цагдаа, түргэн тусламжийн автомашинуудаа зорчуулж хэвшье.

Иймээс түгжрэлийн эсрэг шийдлийнхээ нэгдүгээрт нийтийн тээврийн парк шинэчлэлтээ зорилт болгон тавьсан бол түүнээс урьтаад нийтийн тээврийнхээ нэгдүгээр эгнээнийхээ асуудлыг шийдсэн шиг шийдээрэй, Хот хариуцсан сайд аа. Торгуулийг тавьж чадсан шигээ, торгууль төлөлтийг нь орхигдуулдаггүй, түүнээс үр дүн гаргахад анхаардаг механзмаа углуургаар нь ажиллуулах цаг болжээ.

Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн, цас орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.