Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Бага хурлаар 2016-2020 онд Хөгжлийн банкны ТУЗ-д дарга, гишүүнээр ажиллаж байсан хүмүүст улс төрийн хариуцлага тооцох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 59 секунд
Ubn.mn

Ирэх сарын 6-ны өдөр МАН бага хурлаа хуралдуулж намын генсекийн асуудлыг шийдвэрлэх нь тодорхой болоод буй. Намын дүрмээрээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан генсекээр давхар ажиллах боломжгүй тул дүрмэндээ өөрчлөлт оруулж үлдээх, аль эсвэл дараагийн даргыг сонгох асуудал яригдах юм. Хамгийн сүүлд эх сурвалжууд Д.Амарбаясгалангийн оронд намын “гал тогоо”-г ЕТГ-ын дарга Я.Содбаатар авна гэдэг мэдээллийг өгөөд байгаа юм.

Үүнээс гадна бага хурлаар яригдах өөр нэг галтай сэдэв нь Хөгжлийн банкны асуудалд холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох явдал байх бололтой. Тодруулбал, МАН-ын үед Хөгжлийн банкны удирдлагаар таван жилийн дотор таван захирал томилогдож, 2016-2020 оны хооронд банкнаас 50 төсөлд зээл олгосны 36 нь чанар муутай зээл байв. Гэвч Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал сөхөгдмөгц хамгийн түрүүнд гүйцэтгэх удирдлагуудыг толгой дараалан хуульшүүхийн хаалга татуулж асуудлыг улс төрийн хүрээнд намжаав. Хачирхалтай нь зээл гаргахад хамгийн гол нөлөөтэй байсан тухайн үеийн ТУЗ-ийн дарга, гишүүд асуудлаас сугарч үлдсэн нь олон талаараа хардлага төрүүлж буй.

Тэгвэл МАН-ынхан сонгуульд орохын өмнө өөрсдийн "босгож" ирсэн Хөгжлийн банкны асуудлаараа хариуцлага зайлшгүй ярьсан байх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол дараагийн сонгуульд Хөгжлийн банкны Ардчилсан намтай холбоотой болон гүйцэтгэх удирдлагад ажиллаж байсан хэдхэн "жараахайнуудаар" туг тахиад өнгөрлөө гэж олон нийтэд хүчтэй шүүмжлүүлнэ. АН тэргүүтэй улс төрий хүчнүүд ч гэсэн энэ өнцгөөс асуудлыг ярина.

Тиймээс МАН-ынхан эхний ээлжинд 2016-2020 оны чанаргүй зээлүүдийг гаргахад ТУЗ-ийн дарга болон гишүүдээр ажиллаж байсан өөрийн намын улс төрийн өндөр албан тушаалтнуудад Бага хурлаараа хариуцлага тооцох асуудлыг ярих гэнэ. УИХ-ын гишүүд тэргүүтэй намын гишүүд нь ч гэсэн уг ингэх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж эхэлсэн гэнэ.

Тэгвэл улс төрийн хариуцлага тооцох хүмүүсийн эхний эгнээнд 2016-2020 онд Хөгжлийн банкны ТУЗ-д дарга болон гишүүдээр ажиллаж байсан Дэд сайд М.Баярмагнай, ТНБД С.Наранцогт, ТНБД С.Магнайсүрэн, дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарын нэр багтжээ. Тэд өнгөрсөн хугацаанд ТУЗ-д ажиллахаас гадна Хөгжлийн банкны асуудал босч ирчихээд байхад бүгд албан тушаалтайгаа үлдсэн. Түүгээр ч барахгүй албан тушаал ахиж буй нь шударга бус гэж үзэцгээж байгаа аж. Мөн эдгээр хүмүүс бүгд цаанаа том "ар"-тай. Аргүй болсноороо Ж.Бат-Эрдэнэ л ганцаараа дарханы замын гэх асуудлаар шалгагдаж буй. Хууль хяналтынхан өнгөрсөн хугацаанд эдгээр хүмүүсийг дуудаж, байцаалт авч шаардлагатай шалгалтыг хийсэн өнөөдрийг хүртэл асуудал нам жим байна. Тиймээс шударга ёс ярих гэж байгаа бол өөрсдөөсөө эхлье гэдэг өнцөгтэй байгаа ажээ.

ЭХЯ-ны дэд сайд М.Баярмагнайгийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарыг "томортой" зэрэгцэж яамны газрын даргаас ЗГХЭГ-ын дэд дарга хүртэл гэрлийн хурдаад урагшилсан Баянхонгорын угшилтай нэгэн. 2020 сонгуулийн дараа УИХ-ын даргын квотоор Эрчим хүчний яамны дэд сайдын албан тушаалыг өнөөдрийг хүртэл хашиж буй нэгэн. Тэрбээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажилласан байсан юм.

Сангийн яамны ТНБД-аар ажиллаж байсан С.Наранцогт нь М.Баярмагнайг ТУЗ-ийн даргаар ажиллаж байх үед мөн л ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж сүүлд энэ оны 1 сараас эхлэн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа билээ. Түүнийг эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хүн ч гэж ярьдаг. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхад яамны газрын даргаар ажиллаж байгаад ТНБД-д томилуулж байв. Сүүлд дахин албан тушаал дэвшүүлж Эдийн засаг, хөгжлийн яамныхаа дэд сайдаар томилон өөрөө араас нь сайдаар очсон түүхтэй.

С.Магнайсүрэнгийн хувьд 2018 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр, Барилга, хот байгуулалтын яамны ТНБД-аар 2015 оны 10-р сараас хойш тасралтгүй ажиллаж буй юм. Улс төрийн хүрээнд түүнийг ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалантай нэг нутаг бөгөөд ойрын хүн нь гэж ярьдаг. БХБ-ын яамны ТНБД-ын албыг хөдөлгөөнгүй 7 дахь жилдээ хашиж байгаа тэрбээр чанаргүй зээл гаргасан ТУЗ-ийн нөлөө бүхий өндөр албан тушаалтуудын нэг юм.

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2016 оны 11 сараас 2018 оны 2-р сар хүртэлх хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байдаг. Түүний хувьд хөгжлийн банкны асуудлаар аль эртнээс шалгагдаж байсан ч өнгөрсөн 10 дугаар сард АТГ-аас Дарханы замын тендер, мөнгөний зарцуулалтын асуудалд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр хоригдсон билээ.

ЗГ: “Тавантолгой төмөр зам“ ХХК-д авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
ЗГ: “Тавантолгой төмөр зам“ ХХК-д авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.