Өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гарсан. Тухайн үед жолоо барьж явсан гэх Ч.Маралмаад холбогдох хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа талаар Тээврийн прокурорын газраас тодруулахад "Иргэн М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан явган зорчигч С /12 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Тээвийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж Тээврийн прокурорын газарт ирүүлснийг хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Тодруулбал, холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийн 2 нь хөнгөн, 1 нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан. Прокурор хэргийн материал, өмгөөлөгчийн гомдлыг хянан үзээд, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэн дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн" хэмээлээ.