Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Боловсролын газруудад газрын тооллого хийсэн. Өнөөдөр Монгол Улсад байгаа 680 орчим төрийн өмчийн сургууль байна. 500 гаруй цэцэрлэг байна. 20 орчим төрийн өмчийн их дээд сургууль бий. 2015 оноос хойш эдгээр сургууль, цэцэрлэгийн газрыг тоолоход ихэнхийнх нь нийт газрын 60-70 хувь нь хулгайд алдагдсан байна. Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлэгдсэн байна.
Тодруулбал, 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, 8 их дээд сургуулийн 1.8 га газар бусдын болон хувь хүний нэр дээр шилжсэн. Ихэнх нь сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн нөхцөл байдал гарсан. Мөн сургууль, цэцэрлэгийн нийтийн хэрэгцээний газарт орон сууц бариулаад барьсан СӨХ-ийнхөө нэр дээр шилжүүлсэн асуудал байна.
Хөдөө орон нутгийн сургуулиудын газар ч гэсэн гадаадын аялал жуулчлалын нэр дээр давхар бүртгэгдсэн байна" гэлээ.