2002 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа "Номун" нэгдсэн эмнэлгийн 20 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Тус эмнэлэг нь ойн баярын хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд хоёр дахь арга хэмжээ өнөөдөр /2022.11.05/ спортын арга хэмжээгээр эхэллээ.
Тодруулбал, "Номун" нэгдсэн эмнэлгийн ойн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын дунд спортын арга хэмжээ буюу сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, нээлтээ амжилттайгаар хийсэн юм. Уг тэмцээнд 40 гаруй байгууллагын 60 гаруй баг 600 гаруй тамирчин өрсөлдөж буйгаараа онцлог юм.
Уг арга хэмжээг нээж, "Номун" нэгдсэн эмнэлгийн Бизнес хөгжлийн албаны дарга Ж.Маргад-Эрдэнэ үг хэлсэн бол түүний дараа "Хар сарнай" хамтлагийн ахлагч, С.Амармандах эмнэлгийн нийт ажилтан, алба хаагчдад баяр хүргэн урлагийн номер үзүүлсэн юм.
"Номун" нэгдсэн эмнэлгийн Бизнес хөгжлийн албаны дарга Ж.Маргад-Эрдэнэ "2002 онд манай эмнэлэг хамгийн анх хоёр давхар байртай, 25 ортой, 20 гаруй эмч ажилтантайгаар үйл ажиллагаагаа нээж байсан бол өнөөдөр 165 эмнэлэг, 100 ортой сувилал, 200 гаруй эмч, ажилтантай болтлоо өргөжин тэлж, үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна. 20 жилийн арга хэмээний хүрээнд хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.
"Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төр, хувийн хэвшлүүдийн байгууллагуудын оруулсан хувь, нэмэр, ололт, амжилт" нэртэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бол өнөөдөр эрүүл мэндийн байгууллагууд, ажилтан алба хаагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Тус арга хэмжээгээр дан ганц сагсан бөмбөгийн тэмцээн гэхээсээ илүүтэйгээр төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт зүтгэж байгаа байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, ололт, амжилтыг нэгтгэх зорилготойгоор зохион байгуулж байна.
Нийт оролцож байгаа баг тамирчиддаа өндрөөс өндөр, хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй амжилтыг хүсье" гэлээ.
Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилнэ.
"Номун" эмнэлгийн дарга Ж.Жанчиваас сэтгэгдлийг нь сонсоход тэрбээр дараах зүйлийг ярьлаа. Тэрбээр,
"Номун" эмнэлгийн түүхт 20 жилийн ойн баяр амжилттай сайхан үргэлжилж байна. Ойн баярын хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Арга хэмжээнд оролцож байгаа нийт баг тамирчиддаа амжилт хүсье. Мөн баярлаж байгаагаа илэрхийлье. Түүхт 20 жилийн хугацаанд маш их өнөр өтгөн болтлоо өргөжсөн байна" гэв.