Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
Хуулийн төсөлд тусгасан зарим онцлох зүйл заалтын талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл өгч танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Төрийн болон хууль хүчний байгууллагууд зээл хэлбэрээр авлига авдаг ашиг сонирхол газар авч байгаа. Энэхүү хуулиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч шийдэхгүй бол болохгүй байна. Улс төрийн өндөр алба хашиж байсан хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж төрөөс баталгаа гаргасан зээл, тусламжийг авах явдал олон жил үргэлжилсэн. Тиймээс тус хуульд мэдээлэл өгсөн хүнд зээлийн 10 хувийг олгоно гэсэн заалтыг оруулсан. Төрөөс баталгаа гаргасан зээл тусламжийг бусад хэлбэрээр дамжуулж авлига авч, ашиг сонирхлын зөрчил гаргасан этгээдийг мэдээлсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн зохицуулалтыг оруулсан байгаа” гэжээ.