Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Авлигатай тэмцэх гээд байгааг нь ойлгож байгаа. Авилга бол нууж авдаг хулгай. Гэхдээ авлигатай тэмцэх гэж байгаа гээд маш олон хуурамч мэдээлэгчдийг гаргаж ирээд нийгмийн тогтворгүй байдал, өшөө авах аль эсвэл шантааж хийдэг байдал руу орчих вий. Бид мэдээллийн аюулгүй байдлын тухайн хуулиа гаргаж ирээгүй байгаа шүү дээ. Цахим гүтгэлгээ зогсоож чадаагүй байгаа. Ийм үед мэдээлэгч буюу "матаачин"-г мөнгөн урамшуулал олгож, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээснийх нь төлөө түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндийг хуулиар хамгаалаад, шүгэл үлээгчийг хэрэгт татахгүй байх байдлаар явах бидэнд хэрэгтэй юу. Бусад хуультайгаа уялдах уу гэдгийг та бүхэн бодсон уу" гэв.
Үүний хариуд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Одоогийн зарим хууль эрх зүйн зохицуулалт байгаа. Мэдээлэл гаргаж байгаа этгээдийг эрх зүйн байдал, мэдээлэл гаргасных нь төлөө өс хонзон, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх талаас нь авч үзсэн. Мэдээлэл гаргачихаад тодорхой хэмжээнд эрх зүйн хамгаалалт байдаггүй учраас айдаст автдаг гэх зүйл байгаа учраас хууль эрх зүй нь байгаа. Мэдээлэл гаргагч тодорхой эзэн биетэй этгээд байх ёстой. Нотлох баримтууд байх ёстой. Ингэж байж шүгэл үлээсэн байж болно. Тэрнээс биш цахимаар хэн нэг этгээд юм ярьсаны төлөө шүгэл үлээсэн гэхгүй" гэв.