Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Төлбөртэй мэдээлэл авах журам байдаг уу. Хэрэгжилт нь ямар байдаг вэ. Шүгэл үлээгчийн хууль батлагдсанаар сөрөг үр дагавар гарах уу. Өс хонзонгийн сэдэлтэйгээр маш их хэмжээний мэдээлэл өгнө. Үүнийг шалгах боломж байна уу. АТГ-т очсон гомдлын хэдэн хувь нь гэмт хэргийн шинжтэй байдаг вэ. Одоо энэ тоо маш их хэмжээгээр нэмэгдэнэ.
Энэ асуудлыг бүлгийн хурлаар оруулахгүйгээр шууд явуулах юм уу. Энэ хуульд авах заалт ч байна. Авахгүй ч заалт байна" гэлээ.
ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Төлбөртэйгээр гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг авдаг журам бий. Ер нь иймэрхүү чиглэлийн мэдээллийг мэдээлэгчээс худалдан авахад Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 6 хуулийн зохицуулалт үйлчилж ирсэн. Цаашдаа авлига, ашиг сонирхлын болоод хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, нийтийн эрүүл мэндийн чиглэлийн мэдээллийг авахдаа шууд мөнгөн урамшуулал олгохгүй. Тухайн хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа үнэхээр бодитойгоор хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд мөнгөн дүнгийн урамшуулал олгоно" хэмээлээ.