Ардчилсан нам, Монгол үндэсний Ардчилсан нам /АН-МҮАН/ өнөөдөр /2022.10.05/ нэгдэх, хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Ан болон МҮАН-ын хамтын ажиллагааны санамж бичигт:
"АН болон МҮАН-ын удирдлагууд өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засаг болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж Монгол Улсын тусгаар тогтнол, Ардчилал, Хүний эрх чөлөө, Эв нэгдэл, Суурь үнэт зүйлс зэрэг амин чухал асуудлууд алдагдаж буйд сэтгэл зовнин хүмүүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгмийн төлөө нэгдэн идэвхтэй хамтран ажиллах хүрээнд энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна" гэжээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: "Нэг угшилтай 2 нам нэгдэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан түүхэн үйл ажиллагаа боллоо. Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй намууд нэгдэж байна. Тодорхой түүхийн хугацаанд тус тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэвч Монгол Улсын өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид ардчилсан хүчнүүд нэгдэж, улам хүчирхэг болж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлэх замаар үүсээд буй хүндрэлтэй байдлыг амжилттай давах, дараагийн бүх шатны сонгуульд амжилттай оролцох зэрэг олон нөхцөлийг харилцан ярилцаж, санал нэгдсэний үндсэн дээр өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Бидэнд үзэл санааны зөрчил байхгүй, хамтдаа гар гараасаа барилцаж улам хүчирхэг намыг байгуулна. Улмаар нийгэмд үзүүлэх ардчиллын үр нөлөөг дээшлүүлэх, өнөөдрийн эрх баригчдын явуулж бусармаг үйл ажиллагаанд хяналт, хязгаарлалт тавих, хариуцлагыг чангатгахад анхаарч ажиллана" гэв.