Өнөөдрийн байдлаар бүх хүүхэд төрөөс өгч буй хүүхдийн мөнгийг авч буй. Харин сүүлийн өдрүүдэд бүх хүүхдүүдэд бус, зорилтот бүлэгт өгнө гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн мөнгөний асуудлаар дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Цар тахлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Одоо харин үүнийг эргэж харах шаардлагатай. Хүүхдийн тоо өсч байгаа болон бусад шалтгаанаас үүдэн хүүхдийн мөнгөнд 1,5 их наяд төгрөгийг олгож байна. Энэ мөнгө бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үр ашигтай зарцуулахад маш их чухал мөнгө.
Иймд МҮХАҮТ-аас судалгаа хийсэн. Судалгаагаар "Хүүхдийн мөнгө авах шаардлагагүй, хүүхдийн мөнгө авмааргүй байна" гэсэн бизнес эрхлэгчдийн тоо өсч байгаа талаарх дүн гарсан. Тиймээс энэ жилийн төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Үүнийг олон нийтэд зөв ойлгуулж, манай танхимынхан ажил эрхлэгчдийн холбооноос зөв ухуулга хийх хэрэгтэй" гэсэн юм.