Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОХХААБХ: Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 23 секунд

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнөөдрийн (2020.05.06)  хуралдаан 10 цаг 49 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Хуралдааны эхэнд  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Тогтоолын төсөлд 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бол эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэх юм.

Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа  эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Дараа нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, санал хэллээ. Тэрбээр, зарчмын зөрүүтэй саналын томьёололд “найрлагадаа таван хувиас дээш хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдэхүүн импортлох, худалдахыг хориглоно” гэсэн агуулгын хүрээнд нийтээрээ хүлээн зөвшөөрдөг, ашиглагддаг хүнсний хомсдол үүсэхээс сэргийлж био технологийн аргаар гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүнийг нийтээр нь хориглох вий гэдгээс болгоомжилж байлаа. 

Ажлын хэсгийн зүгээс хариултдаа, Хувиргасан амьд организмаас гаралтай таримал ургамлыг хориглох, дотооддоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох тухай энэ заалт дээр  Ажлын хэсэг дээр олон удаа ярилцсан. Хориглоно гэсэн хэлбэрээр оруулахгүйгээр ойлголтын зөрүүгээ арилгах шаардлагатай гэдгийг онцолсон. Мөн орчин үеийн био технологийн аргаар гаргаж авсан гэдэг нь генийн гажиг,  генетикийн өөрчлөлт гэдгээс тусдаа өөр ойлголт тул асуудлаа хольж хутгалгүй, хориглож болохгүй гэдгийг ойлгох шаардлагатай гэдгийг гишүүдэд анхааруулсан. 

Харин энэ үеэр Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат орон нутагт албан томилолттой яваа тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг уламжилж,  хэлэлцэх асуудлыг хойшлуулав. 

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.  

Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва “2050 он гэхэд 110 сая малтай болно гэсэн тооцоо байгаа ч, тэдгээрийн бэлчээрийн даац, усны хангамж, тэжээлийн тариалалт ямар байх талаар тодорхой хариулт байхгүй байгаа нь эргээд  ерөнхий асуудал болоод үлдэх вий” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал томоохон бичиг баримт мөн хэдий ч, учир дутагдалтай зүйл байна. Тодорхой асуудал дээр Ажлын хэсэг гараад зарчмын саналуудыг нэгтгэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Архангай аймгийн Хайрхан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
Архангай аймгийн Хайрхан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.