Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗУРА 2: “ЦУРАМ АЖИЛЛАГАА“-нд нэгдэх ШАЛТГААН

Ангилал
Нийгэм UBn style
Огноо
Унших
8 минут 24 секунд

“Галуун дууг газар сонсоход

Өвсний үндэс хөөнө.

Гадаа гарч ижий минь

Гараараа униар сөхөж, намайг харуулдана” хэмээн их зохиолч Бавуугийн Лхагвасүрэн “Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ” шүлэгтээ ийнхүү тэрлэсэн байдаг. Бүтэн дөрвөн жилийн дараа дэлгэцийн уран бүтээлээр үзэгч түмэнтэйгээ учран золгож буй "Фантастик продакшн"-ы Зура-2 “Цурам ажиллагаа” киноны нэгээхэн хэсэг, дээрх хэдхэн мөртөөр илрэх мэт. Зөвхөн нэгхэн хэсэг...

Нээлтээ хийгээд удаагүй ч тус кино үзэгчдээс болон урлаг соёлынхон, улс төрийн хүрээнийхнээс магтаал сайшаал, шүүмж, дутагдлыг хэдийнээ хүлээгээд амжив.

Амтай болгон нь кино урлаг ярьж, хэлтэй болгон нь киноны агуулгыг шүүж байх энэ мөчид кино үзсэн сэтгэгдлээ бас яагаад үзэх ёстой вэ гэдгийг үгээр урлан, бичгээр сийрүүлэн хүргэе.

Гол дүр биш ЖИНХЭНЭ ДҮР

Кино урлагийн амин сүнс бол яах аргагүй дүр. Тийм ч учраас "Фантастик продакшн" зохиолынхоо дүрүүдэд онцгой ач холбогдол өгдөг мэт. Сонгосон жүжигчин бүр өөр өөрийн дотоод мөн чанартай ч хүлээсэн үүргээ ягштал биелүүлдэг гайхалтай чадвартай аж. Зура-2 “Цурам ажиллагаа” киноны хувьд эрхгүй сэтгэл татсан хоёр дүр байв.

Түүний нэг бол яах аргагүй жүжигчин Б.Барслхагвын бүтээсэн “Галзуу Ганаа”. Зүгээр ч нэг гол дүр биш ЖИНХЭНЭ ДҮР байв. Галзуу Ганааг төсөөлье гэвэл Б.Барслхагваас өөр нүдэнд буух хүн үнэндээ алга. Жүжиглэлт, ур чадвар, дүрдээ орж байгаагаас нь гадна түүний стиль имиж нь Ганаагийн дүрийг илүү тодотгож өгсөн гэхэд хэлсдэхгүй.

Хүмүүсийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж чадсан ч бахархал төрүүлж, хайрлахгүй байхын аргагүйн дээр эсрэг дүрийг маш сайн бүтээсэн гэдгийг онцлон хэлье.

Харин удаах нь жүжигчин С.Ариунбямбын бүтээсэн хятадын тагнуул "Ву Ян, эсвэл"...

Энэ хүний дүрийг “маш нууц” хэвээр нь эндээ үлдээе. Гэхдээ үүнээс өмнө жүжигчин хүний ур чадварын хувьд бишрэхгүй байхын аргагүй байснаа цохон тэмдэглэх нь зүйтэй байх. “Цурам ажиллагаа”-г чимсэн ЖИНХЭНЭ ДҮР гэвэл түүнийг хэлэх биз ээ.

Олон агуулгыг шингээсэн ОНЦГОЙ БҮТЭЭЛ

Кино бүтэн 120 минутын турш үргэлжилнэ. Уйдсан гэж хэлэх гэсэн ч амнаас тийм үг унахгүй нь. Кино болгоны эхлэл хэсэг төгсгөлийн зангилааг тайлдагтай адил юун тухай өгүүлэх бол, цаашид юу өрнөх бол гэсэн битүүхэн бодолтойгоор киног эхлүүлэв. Энэ хугацаанд уйдах сөхөө байсангүй. Харин ч учир шалтгааныг нь олохоор тархи маань нүдтэйгээ зэрэг ажиллаж байв.

Киног үзсэн хүн бүр дотроо таамаг дэвшүүлж, киноны агуулгаар puzzle-дсэн гэхэд эргэлзэхгүй байна.

Үзэгчдийг тэр дундаа монгол хүн бүрийг тус киноноос ямар нэгэн зүйл ухаараасай гэсэн найруулагчийн чин хүсэл кинонд нуугдсан байж болох. Тэр ч утгаараа хэд хэдэн агуулгыг кинондоо шингээн хоёрхон цагт багтаагаад орхисныг манайхан “холимог хуурга” хэмээн нэрийдсэн ч амттай байлаа.

Киноны нууцуудаас бага ч гэсэн задалъя. Бас кинонд агуулагдсан зарим агуулгын үндсийг ил гаргая.

-Эцэг, эх, гэр бүлийн ХАЙР-

Ерөнхийдөө монгол киноны оргил хэсэг энэ. Гэр бүл, үр хүүхэд, эцэг эхийн хайрыг энгийн хэрнээ маш өвөрмөцөөр тус кинонд илэрхийлжээ. Нийтлэлийн эхэнд дурдсан Б.Лхагвасүрэн агсны шүлгийн тайлбарыг энд цохон тайлбарлавал,

“Эх хүн үрээ ямар ч мөчид үгүйлэн санаж, биеэсээ салгасан ч гэсэн сэтгэлээсээ холдуулж чадахгүй харуулдан байдаг. Холын хол, алсын алсад одсон ч, хоёр мянган бээрийн цаана нүднээс далд байсан ч эхийн хайр хэзээ ч хөрдөггүй бас үхдэггүй аж” энэ санааг кинонд мөнхөлжээ.

-Ам нээх болгондоо МӨНГӨ ярих монголчууд-

Мөнгөнөөс өөр эрх мэдэлтэн үгүй гэж бодох бидний тарчигхан сэтгэлгээг харж болох. Юу ярина мөнгө, юу бодно зөвхөн мөнгө. Яг л өнөөгийн нийгмийн үнэн төрх.

-Эх орноосоо ЗУГТАХ туйлын хүсэл-

"Энэ чинь тэгээд эх орон юм уу айн" гэх хэдхэн үгээр монголчууд ямар их цөхөрснийг илтгэх авч бидний нэг муухай зан болох бэртгэчин, амин хувиа хичээсэн байдлыг киноны хэдхэн сцениэр ил гаргав.

Чадвартай, мэдлэг боловсролтой иргэд нь бүгдээрээ улс эх орноосоо урваад ч хамаагүй дайжиж байгааг уг кино хөнгөхөн учирлав. Бас эх орон бол хамгийн үнэ цэнтэй зүйл гэдгийг ойлгуулав.

-Маш нууц УЛС ТӨР-

Улс төрийн хүндхэн сэдвүүдийг эдийн засагтай уялдуулан холбосон нь киног улам илүү төгс болгож өгчээ. Магадгүй өнөөгийн нийгмийн ард нуугдсан маш нууц улс төрийг уран сайхны киногоор ил гаргасан байж болох ч нөгөө талаар цэвэр уран сайхны аргаар, зохиомол үйл явдлыг илэрхийлсэн байж болох.

Тиймээс удахгүй үзэх үзэгч танд үүний хариултыг үлдээе.

СУЛ тал, юу орхив

Кино их өвөрмөц. Харийн хүн эх хэлээрээ ярьж харин манайх монголоороо яриад л ойлголцчихож байгаа юм. Нэг талаас утгагүй мэт болов ч нөгөө талаас кино урлагт байж болох л үзэгдэл. Даанч үүнийг нь үзэгчид ойлгосонгүй бололтой. Арга ч үгүй биз. Шүүмжлэх нүдээр үзсэн кино шүүмжээс өөрийг дагуулдаггүй болохоор тэр биз.

Манайхан хэзээний л сайхан төгсгөлтэй кинонд дуртай байсан. Тэр ч утгаараа уг кино нэгэн зүйлийг мартаж орхив бололтой. Тэр юу вэ гэвэл нэгэн ээжийг үртэй нь уулзуулсан бол нөгөөг нь ч бас уулзуулаад төгсгөхгүй яав даа гэх битүүхэн гомдолтой төгсгөв.

Мэргэжлийн баг хамт олны нөр их "ХӨЛС" үнэртэв

Найруулга, зураг авалт, сонирхолтой сцень, тулааны үзэгдлүүд бүгд супер. Өвөрмөц, онцгой шийдлийг кино багийнхан маш сайн гаргаж өгсөн аж. Түүнээс гадна жижиг деталиудыг ч алдалгүй тооцож, кинондоо чимэг нэмжээ. Мөн гадны болон бусад бүх дүрдээ онцгой анхаарч, дүр сонголтыг ч сайн хийсэн байна.

-"ЗУРА 3" гарна-

Киног үзсэн хүн бүхэнд тус кино таалагдаагүй байж болох ч мэдэх ёстой зүйлээ мэдэж, мэдээгүй зүйлийнхээ үзүүрээс атгаад амжсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Киног үзээгүй хүмүүст нэг нууц задалбал, Зура 3" гарна... Үзэж амжаагүй бол киногоо дуустал суудлаасаа битгий хөдлөөрэй.

Нэг өгүүлбэрээр, "Фантастикийн ФАНТАСТИК КИНО"

Нүдэнд үзэгдэж, сэтгэлд хоногштол киног хүүрнэн өгүүлмээр байв ч олон хүн үзэж амжаагүй тул жаахан сэжүүр амсуулаад үлдээе. Нэг өгүүлбэрээр Зура-2 "Цурам ажиллагаа"-г дүгнэвэл Фантастик продакшны бүтээсэн ФАНТАСТИК КИНО байлаа.

Б.Болор: Төрөлх Орос III сургуулийнхаа захирлын ажлыг авахад татгалзах зүйлгүй
Б.Болор: Төрөлх Орос III сургуулийнхаа захирлын ажлыг авахад татгалзах зүйлгүй
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.