Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гараад байсан. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /2022.09.14/ хуралдаанаар Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болорыг томилоод буй. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Б.Болороос дараах тодруулгыг авлаа.
-Сайн байна уу. Таныг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Орос III сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Танд энэ тухай хэзээ мэдэгдэв. Одоогоор ажлаа авсан байгаа юу?
-Өнгөрсөн мягмар гарагийн орой Орос III сургуулийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэх тушаалыг танилцуулсан. Одоогоор ажлаа хүлээж аваагүй байна. Тушаалтайгаа танилцаад байж байна.
-БШУЯ-наас ажил хүлээн авах хугацааг нь товлосон байгаа юу?
-Тушаал ирээд удаагүй байгаа учир одоохондоо хугацааг тодорхой хэлээгүй байна. Яамнаас ирж, ажил хүлээлцэх байх гэж бодож байна. Би шууд тус ажлыг хүлээж авна гэсэн ойлголт байхгүй учир яамны ажлын хэсэг болон ажил хүлээлцэх комисс ирж байж, ажлаа хүлээж авах байх.
-Таныг өмнө нь Орос III сургуулийн захирал болно гэсэн шуум бага зэрэг гарсан шүү дээ. Түүнээс гадна БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Улаан бал" нэвтрүүлэгт орох үеэрээ танд хүлээлгэн өгнө гэдгээ илэрхийлсэн. Энэ үед ямар бодолтой байсан бэ?
-Тухайн үед ийм шуум явж байгаа юм байна гэж хараад л өнгөрсөн.
-Таны хувьд Орос гуравдугаар сургуулийн захирлын албан үүргийг түр гүйцэтгэхээр болж байгаагийн хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлбэл?
-Тус сургуулийг би өөрөө төгсөж байсан. Түүнээс гадна энэ сургуульдаа сүүлийн жилүүдэд тасралтгүй ажиллаж байна. Тиймээс өөрийнхөө төгссөн төрөлх сургууль, тэр дундаа энд сурч байгаа олон шавь нарынхаа төлөө уг ажлыг авахад татгалзах зүйл байхгүй байна.
-Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлсөн. Гэвч тамга тэмдэгээ өгөхгүй байгаа талаар сайд нэвтрүүлгийн үеэр хэлсэн шүү дээ?
-Үүний талаар сайн хэлж мэдэхгүй байна. Тиймээс хариулт өгч чадахгүй байна.
-Удахгүй сонгон шалгаруулалт явуулж Орос III сургуулийн захирлыг сонгоно гэсэн мэдээлэл байгаа. Үүний талаар мэдээлэл өгч болох уу?
-Энэ талаар бас сайн мэдэхгүй байна. Миний мэдлийн асуудал биш шүү дээ. БШУЯ-ны бүрэн эрхийн асуудал. Ямартаа ч сургуулийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой учраас үйл ажиллагааг зогсоох ёсгүй.
Орос III сургуулийн хувьд хоёр улсын хоорондын хэлэлцээртэй учир сонгон шалгаруулалт нь дүрэм, журмаараа болох байх.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.