Арилжааны банкууд бүх төрлийн зээл олголтоо зогсоосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй. Тодруулбал, иргэдийн зүгээс банкууд ипотекийн зээл олгохгүй байна гэх мэдээллийг өгсөн бол банкуудын зүгээс Голомт, Хаан, Хас банкуудын ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа. Харин Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк ипотекийн зээл олгохгүй байгаа хэмээн иргэд болон банкнуудын зүгээс зөрүүтэй мэдээлэл өгсөн юм.
Иймд уг мэдээллийг Монголбанкнаас тодруулахад "Ипотекийн зээлийн энэ сарын санхүүжилт олгогдоогүй байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил царцаасантай холбоотойгоор бага зэргийн хүндрэл гарах магадлалтай. Ер нь зээлийн эргэн төлөлтийг хийгээд дахин санхүүжүүлэлт хийж явуулдаг тогтолцоотой. Арилжааны банкуудад ипотекийн зээлийн хүсэлт бөөгнөрчихөөд зээлээ судалж амжихгүй байгаа учир зарим төрлийн зээл олголтыг зогсоож өмнө ирсэн хүсэлтүүдийг судалж байгаа гэх мэдээлэл байна" гэв.
Арилжааны банк тус бүрээс ипотекийн зээл олголттой холбоотой өгсөн мэдээллийг хүргэж байна.
Голомт банк: "Манай банкны зээлүүд хэвийн олгогдож байгаа. Ипотекийн зээлийн судалгаа хэвийн хийгдэж байна".
Хаан банк: "Ипотекийн зээл хэвийн олгогдож байна".
Төрийн банк: "Манай банкны зээлийн багц дууссан учир ипотекийн зээл олгохгүй байна. Банкнаас салбар нэгжүүдэд хангалттай хэмжээний зээл олгосон хэдий ч зээлийн эргэн төлөлт муу байгаа. Одоогийн байдлаар энэ сарыг дуустал зээл судлахгүй".
Хас банк: "Ипотекийн зээл хэвийн олгогдож байна. Манай банкны зүгээс шинээр зээл судлахгүй байгаа. Тиймээс анх удаа зээл авах гэж байгаа иргэдэд зээл олгох боломжгүй. Харин өмнө нь зээл авч байсан бол дахин судлуулж байж зээл авч болно".
Худалдаа Хөгжлийн банк: "Манай банк цалингийн зээл, тэтгэврийн зээл, автомашины зээл олгож байна. Бусад төрлийн зээлийг хязгаарлалттайгаар, тодорхойгүй хугацаагаар зогссон. Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилт олгогдохгүй байгаа учир хязгаарлалтад орсон" гэв.
Арилжааны банкнаас ипотекийн зээл авах хүсэлтэй иргэнтэй утсаар холбогдлоо. Иргэн Э.Хишигжаргал "Манайх түрээсийн байранд хоёр жил гаруй хугацаанд амьдарч байгаад энэ жилээс ипотекийн зээл хөөцөлдөж байна. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах хүсэлт гаргасан. Сарын өмнө зээл судлахгүй байгаа гэсэн одоо ч ингэж хэлсээр байгаа. Шалтгааныг нь асуухаар эх үүсвэр байхгүй гэдэг" гэсэн юм.
Өөр нэгэн ижил шалтгаантай иргэнээс тодруулахад "Банкууд ипотекийн зээл олгохгүй байна. Асуухаар бүгд тодорхой зүйл хэлэхгүй байгаа" гэлээ.
Мөн ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн группт...
Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны гаргасан орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлантай танилцлаа.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон. Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан нийт 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгожээ.
Харин энэ оны эхний 5 сард нийт 233.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2,845 өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгосон байна.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулжээ.
Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна. Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.
Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум төгрөг) болон зээлдэгчийн тоо