“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.04.27/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Өмнөх долоо хоногоос ачилт 240 тэвш буюу 15 мянган тонноор, экспорт 131 тэвш буюу 10 мянган тонноор нэмэгдсэн дүнтэй байна.
7 хоногийн хугацаанд 1800-1072 утсаар 1.276 хүн холбогдож, “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд 307 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авлаа. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 30.426 иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 71.375 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.
Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн талаар тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа мэдээлэв.