Эхэлсэн нэртэй ч хэзээ дуусах нь мэдэгдэхгүй явсаар дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж буй Улаанбаатар-Дархан Уул чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр ч ТОДОРХОЙ БУС хэмээх "онош" дээрээ яваа. Магадгүй эл замыг барьж чадсан нь олон нийтээс өндөр үнэлгээ авах нь гарцаагүй. Гэвч гурван засгийн нүүр үзсэн Дарханы зам дээр өнөөдрийн байдлаар амнаасаа сайн үг унагаах хүн тун ховор. Тэгвэл Б.Энх-Амгалан сайдын үед хуулж, Л.Халтар сайдтай "үйлийн үрээр учирсан" даяар алдарт ДАРХАНЫ ЗАМ-ын туулж ирсэн гурван жилийн "АМЬДРАЛЫГ" тоймлон хүргэж байна.
-ДАРХАНЫ ЗАМЫГ ХУУЛСАН НЬ-
Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын барих ажлыг 2019 оны зургаадугаар сарын 17-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хоёр эхлүүлж, хуучин замыг нь хуулж хаяв. Уг нь Азийн хөгжлийн банк Дархан-Улаанбаатар чиглэлийн замын хөдөлгөөний эрчим өндөр гэж судлаад шинэ зам тавих мөнгийг нь зээлсэн түүхтэй.
-МОНГОЛЧУУД 1140 ДЭХ ӨДРӨӨ ДАРХАНЫ ЗАМЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА...-
Дарханы замын асфальт хучилтыг 2019 оны арваннэгдүгээр сар гэхэд бүрэн тавьж, хөдөлгөөнийг нээх ам тангарагийг тухайн үед ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан өгч байв. Гэвч өнөөдөр 1140 хоног өнгөрчихөөд байхад зам ашиглалтад ороогүй хэвээр.
ДАРХАНЫ ЗАМЫГ "САМАРСАН" ХЯТАД КОМПАНИ
Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажлыг нийт таван багц болгон хуваасан байдаг. Гэвч ажлын явцад хамгийн их асуудал, чирэгдэл дагуулсан нь 2 болон 4 дүгээр багц байв. Эл багц хэсэг дээр БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг" компани ажиллах байсан боловч цар тахлын нэрийдлээр замын ажлыг удаашруулж, гүйцэтгэл хамгийн муу байсан тул гэрээг цуцлав. Үүний дараагаар тус багц хэсгүүд дээр “Арж капитал” ХХК, “Чайна Гео-Инженеринг” корпорацитай 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, барилгын ажлыг шинээр эхлүүлсэн.
-ДАРХАНЫ ЗАМЫГ "ХУУЛСАН" Б.ЭНХ-АМГАЛАН САЙД БАЯНХОНГОР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ДУУСГАЖ, СОНГУУЛЬДАВ-
ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан нэг жил хүрэхгүй хугацаанд хүлээлгэн өгөх байсан Дарханы замаа дуусгаагүй хэр “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концесс эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хэрэгжсэн 126.7 км хатуу хучилттай авто замыг Говь-Алтай аймгийнханд "бэлэглэсэн". Харин түүнийхээ шанд тус аймагт нэр дэвшиж, Их хуралд дахин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, Б.Энх-Амгалан сайд Дарханы замыг хууль хаясны нэг жилийн ойгоо Говь-Алтайд сонгуульдаж "тэмдэглэв”.
-ОДООГООР ХОЁР ЕРӨНХИЙ САЙД, САЛБАРЫН ХОЁР САЙД, ГУРВАН ЗАСГИЙН НҮҮР ҮЗЭЭД БАЙГАА ДАРХАНЫ ЗАМ-
Өмнө хэлсэнчлэн Дарханы зам У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нийт гурван Засгийн газрын үе дамжин хэрэгжиж буй автозамын төсөл болж байна. Ингэхдээ ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Л.Халтар нартай "үйлийн үрээр учирсан" байдаг.
-2019 ОНЫ 6 САРД ЭХЭЛСЭН ДАРХАНЫ ЗАМД 340 ОСОЛ ГАРЧ, 28 ХҮН АМИА АЛДСАН-
2019 оноос 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Дарханы зам дээр нийт 340 удаагийн зам тээврийн осол бүртгэгдэж, үүнээс 28 хүн амиа алдсан гэх харамсалтай тоон үзүүлэлт бий.
ДАРХАНЫ ЗАМ ЭХЭЛСЭН 2019 ОНООС ХОЙШ 457 КМ, 21 АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРОВ
2019-2022 оны хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийт 457.7 км автозам ашиглалтад оржээ. Өөрөөр хэлбэл, Дарханы 204 км автозам тавих ажилтай зэрэгцсэн эл хугацаанд 22 автозам ашиглалтад орчихсон байна гэсэн үг.
-ДАРХАНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ТОП 6 АМЛАЛТ-
Дарханы замтай холбоотой ТОП АМЛАЛТУУДЫН дийлэнх нь зам хэзээ ашиглалтад орох дээр ФОКУСЛАЖЭЭ. 2019 оны 11 дүгээр сард дуусна хэмээсэн ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалангийн үг ч, 2021 оны аравдугаар сард хөдөлгөөнийг нээнэ хэмээн амлаж байсан Л.Халтар сайдын үг ч өнөөдөр биеллээ олсонгүй. Топ амлалт гээчийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч орхисонгүй. Өнгөрөгч зургаадугаар сард тэрбээр Дарханы зам дээр очиж ажиллахдаа сар бүр ажлын явцыг шалгана хэмээн мэдэгдээд амжив.
-ДАРХАНЫ ЗАМ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 215,631 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ-
Сонирхуулах үүднээс, Дарханы зам эхэлснээс хойш Монгол Улсын хүн ам хэрхэн нэмэгдсэн талаарх статистик мэдээллийг бэлтгэлээ. Монголчууд Дарханы замаа хүлээх хугацаандаа 215, 631 шинэ хүнээ өлгийдөн авчээ.
-ДАРХАНЫ ЗАМ "ХААНА" ЯВАА ВЭ-
Дарханы замын ажил нь нийт таван багц хэсгээс бүрдэж буй. Ингэхдээ дөрвөн эгнээ замын хоёр нь Азийн хөгжлийн банк, хоёр нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй юм. Долдугаар сарын 13-ны өдөр ЗТХЯ-наас мэдээлснээр АЗХ /Азийн хөгжлийн банк/-ны санхүүжилттэй автозам 23-95 хүртэлх хувь, ЕСБХБ /Европын сэргээн босголт, хөгжлийн банк/-ны санүүжилттэй автозам 23-27 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.
-Л.ХАЛТАР САЙДЫН ХЭЛСНЭЭР ДАРХАНЫ АСФАЛЬТАН ЗАМААР ДАВХИХАД 92 ХОНОГ ҮЛДЛЭЭ...-
Өнгөрөгч долоо хоногт үргэлжлэн орсон борооны улмаас Дарханы замын зорчих хэсгийн 40 орчим метр хэсэгт эвдрэл гарсан нь олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртээд амжсан. Энэ үеэр салбарын сайд Л.Халтар нь энэ оны аравдугаар сарын сүүл арваннэгдүгээр сарын эх гэхэд Улаанбаатараас Дархан орох хэсэгт иргэдийг шороон замаар явуулахгүй хэмжээнд хүргэнэ хэмээв. Тэгвэл Л.Халтар сайдын хэлсэн биеллээ олно гэж үзвэл бид Дарханы "шорооноос" салахад 92 хоног үлдлээ.