Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг шинэчлэн найруулж батласан. Энэ хүрээнд Улсын Дээд шүүх буюу хяналтын шатны шүүх хэрэг маргааныг хянах үндэслэл гурав болж цөөрсөн.
Тодруулбал, хяналтын шатны шүүх Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар
1. Дээд шүүхийн тайлбараас зөрсөн шийдвэр гарсан тохиолдолд,
2. анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн нэг зүйл заалтыг буруу хэрэглэсэн тохиолдолд,
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс бусад тохиолдлоос бусад үндэслэлээр гомдол хүлээж авахгүй байх хуулийн зохицуулалттай байсан юм.
Гэвч процессын эл заалт хэрэгжихгүй байсаар өнөөг хүрсэн. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, цаашлаад Шүүхийн тухай хуульд дээрх заалтыг нэмж тусгаж өгснөөр Дээд шүүх хэрэг маргааныг хянан хэлэлцэх үндэслэл гурав байна гэсэн дээрх хуулийн заалт бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, дээрх гурван үндэслэлээс бусад тохиолдолд иргэн бүр Дээд шүүхэд гомдол гаргах эрхгүй болсон гэсэн үг.
Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам "Хуулийн эерэг, сөрөг талыг нь бид мэдрэх ёстой. Дээд шүүх бол онолын шүүх. Дээд шүүхэд хянагдсан шүүх анхан болон давж заалдах шатны шүүхэд нэгдсэн хэрэглээний жишиг болох учиртай. Дээд шүүхийн тайлбар нэгдсэн хэрэглээг хангадаг байх ёстой.
Онолын энэ талаасаа Дээд шүүхийн хэрэг хянах үндэслэл гурав болгосныг нэг их буруутгамааргүй байгаа юм. Иргэдийн дунд нэг хандлага байдаг. Тэр нь шүүхээр хэрэг маргаанаар шийдүүлэхдээ анхан, давах, Дээд шүүх гээд тултал явдаг. Шүүхээр яваад бүтэхгүй бол шүүгчийг нь Сахилгын хороонд өгдөг. Сахилгын хорооны гишүүд нь "Таны гаргасан гомдол үндэслэлгүй байна" гэж шийдвэл хорооны гишүүдийг ШЕЗ-д өгдөг. Өнөөгийн хуулийн салбарт ийм байдал үүссэн.
Магадгүй Дээд шүүх хэрэг маргааныг хянах үндэслэл гурав болж цөөрсөн нь энэ нөхцөл байдлыг цөөлөх боломж байхыг үгүйсгэхгүй.
Нөгөө талдаа, өөрийн тань хэлснээр иргэн бүр хэрэг маргаанаа Дээд шүүхээр хянуулах боломжгүй болох талтай. Тэгж ч шүүмжлэх байх.
Өмнө нь ч шүүмжилсэн. Хоёр талтай асуудал" гэсэн юм.