Түр хороо ганц хоёр хуралдсанаас бусдаар Хөгжлийн банкны булхай, луйврыг нийтээрээ мартацгааж байна. Хуулийн хариуцлага байтугай, улс төрийн хариуцлага нь ч мартагдав.
Харин хоёр хоногийн өмнө МАН-ын генсек Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд, намын гишүүдээ цаашид яах талаараа маш тодорхой байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдчихоод ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож, шүүхээр таслагдаад явсан этгээдүүд нэгдүгээрт, намын гишүүнчлэлээс гарна. Хоёрдугаарт, улс төрийн дэмжлэгийг дараачийн удаад насан туршид нь олгох боломжгүй болж байгаа юм. Энэ бол хийгдэх нь тодорхой зүйл. Бид хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа” гэв.
Д.Амарбаясгалан даргын хэлж буйгаар намын гишүүнчлэлийг нь ярихын хувьд ярих л юм байна. Харин Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүдийг дахин албан тушаалд томилох, нэр дэвших үйл явцыг бүрэн хаана гэж ойлгохоор байна. Хэрэв ингэж чадвал Ардын намд, Д.Амарбаясгаланд алга ташихаас өөр аргагүй. Чадахгүй байсан ч иргэд, олон нийт яг энэ агуулгыг чинь дараагийн сонгуулиар шаардана. Иргэдийн шаардлагыг хүлээж авахгүй бол сонголтоороо ард түмэн дүнгээ тавина.
У.Хүрэлсүх намын дарга байхдаа ЖДҮ-д холбогдсон гишүүдээ ихэнхийг нь нэр дэвшүүлээгүй. Бүр Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй хамгийн ойрын хүмүүсээ хүртэл ялгаж үлдээсэн. Өөрөөр хэлбэл, энэ жишгээр бол Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон этгүүд бүгд өөрсдийн саналаар дахин нэр дэвшихгүй гэдгээ зарлачих нь зүйтэй. Хөгжлийн банкны хэрэгт Ардын намаас 9 гишүүн нэр холбогдсон. Эдгээрээс А.Сүхбат, Ц.Гарамжав, М.Билэгт, Ш.Лхамсүрэн нарын улс төр хэдийнээ дууссан.
Харин яг одоо гишүүнээр ажиллаж байгаа Ч.Ундрам С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням тэргүүтэй нөхдүүдэд МАН-ын генсек насан туршид нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх уу гэдэг асуулт урган гарч байна. Х.Ганхуяг, Г.Амартүвшин хоёрын хувьд яллагдагчаар татагдаад яг одоо шалгагдаж буй. Ч.Ундрам, С.Бямбацогт, Г.Дамдинням гурвын хувьд Хөгжлийн банкнаас хамаарал бүхий этгээдүүд нь зээл авсан нь тодорхой болсон.
Тэгвэл эдгээр эрхмүүд сонгуульд нэр дэвшихгүй бол тойрогт нь Ардын намынхан хэнийг сойх вэ. Дараагийн сонгуулийн ажил албан бусаар эхэлчихсэн байгаа энэ цаг үед олон хүн эдгээр гишүүдийн ором дээр нэр дэвшихээр хурган амбицаа цээжэндээ арай ядан багтааж байгаа нь нууц биш.
Сэлэнгэ аймаг
Ч.Ундрам гишүүний хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд өнгөрсөн өвөл асуудал “босох” үед зээлээ төлсөн. Сэлэнгээс “нүх” гарвал хамгийн түрүүнд “мацах” хүн бол “Шилэн Цогоо”. Б.Цогтгэрэл өнгөрсөн сонгуулиар нэр дэвших хүсэлтэй байсан ч томчуудыг баралгүй хоосон хоцорсон. Түүнээс гадна саяхан Засаг даргаар томилогдсон Н.Лхагвадорж нэр дэвших боломжтой. Н.Оюундарь саяын сонгуулиар ЖДҮ-гийн асуудалд холбогдоод нэр дэвших эрхээ авч чадаагүй. Тиймээс энэ удаад ч түүнд боломжгүй үгүй байх. Дашрамд дурдахад, Сэлэнгэ дээр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон Ч.Ундрамаас гадна албан тушаалын хэрэгт холбогдож шүүхээс ял хүртэл сонсож амжаад байгаа Ж.Эрдэнэбат гишүүн дараагийн сонгуулийн өнжих магадлалтай байна.
Архангай аймаг
Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүнээс Ё.Баатарбилэгийн асуудал бусдаасаа хамгийн баримт нотолгоотой байсан гэх бор шувуу өнгөрсөн хавар саарал ордноор ниссэн. Өмнө нь аймгийн дарга байхдаа албан тушаалын хэрэгт холбогдож байсан Ё.Баатарбилэг дараагийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох хүмүүсийн жагсаалтын нэлээн дээгүүр бичигдэх нь ойлгомжтой.
Түүний оронд дэвших магадлалтай хүнээр одоогийн байдлаар Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаярыг нэрлэж болохоор байна. Магадгүй түүн дээр аймгийн хуучин засаг дарга нь нэмэгдэх байх.
Ховд аймаг
С.Бямбацогт гишүүн хамаарал бүхий этгээдийнхээ авсан зээлийн эргэн төлөлт сайн, зориулалтын дагуу гэж тайлбарласан. Гэвч генсекийн хэлсэн улс төрийн дэмжлэг насан туршид нь олгохгүй гэдэг үгийг өлгөж аваад С.Бямбацогтын оронд нэр дэвших хүсэлтэй бүхэл бүтэн арми байна. Жишээлбэл, одоогийн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, гишүүн асан О.Батнасан болон уул уурхай, Сангийн яамны дэд сайдууд гээд Ховдод горилж мэдэх олон хүний жагсаалтыг гаргаж болох юм.
Дархан
Анх гишүүн болсон цагаасаа Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар салахгүй шахуу хамт явж олонд танигдсан. Гэвч Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор сайн нэр нь муу болж мэдэхээр аюултай байдалд ороод буй. Сая яллагдагчаар татагдалгүй сугарч үлдсэн хүн бол Г.Дамдинням. Хэрвээ үнэхээр Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг Хөгжлийн банкны хэрэгт нааж буруутгах гэж байгаа л бол Г.Дамдинням сугарч үлдэх учиргүй. Тэр утгаараа Дарханчууд нэр дэвших эрх нь түүнд байгаа эсэхийг сайн бодох нь зүйтэй. Магадгүй нам нь түүнийг дэвшүүлэхгүй гэж үзвэл ямар ч эргэлзээгүй Дарханы Засаг дарга Б.Азжаргал орж ирнэ. Ер нь нарийн ярьвал Хөгжлийн банктай, банкгүй хэнийг ч байсан мөргөөд ороод ирэх хүн бол Б.Азжаргал.
Хан-Уул дүүрэг
Хөгжлийн банкны захирал байхад нь олгогдсон зээлтэй холбогдуулан буруутгагдаж буй Г.Амартүвшингийн хувьд Хан-Уулаас сонгогдсон. Хэрвээ нам нь түүнд улс төрийн дэмжлэг өгөхгүй бол одоогийн Засаг М.Алдаржавхлан, нийслэлийн орлогч асан Б.Одсүрэн нар дараагийн сонгуулиар тойрог горилж магадгүй.
Баянгол дүүрэг
Албан тушаалгүй байхад нь хамаарал бүхий этгээд нь Хөгжлийн банкнаас зээл авсан байхад өнөөдөр түүнийг албан тушаалын хэрэгт яллагдагчаар татсан гэж Х.Ганхуяг гишүүн тайлбарладаг. Гэхдээ яллагдагчаар татагдсан хэрэг нь сонгуулиас өмнө нэг тийшээ болохгүй бол нэр дэвших эрх нь бас л эргэлзээтэй болж, нам нь дэмжлэг үзүүлэхгүй байх магадалтай. Харин түүний оронд Ж.Ганбаатар хүнээ шургуулах гэж оролдохоос гадна одоо НИТХ-д төлөөлөгчөөр сууж байгаа Б.Сэмжидмаа хамгийн түрүүнд амбицлах магадлалтай.
Ийнхүү Ардын намын генсек хэлсэн үгэндээ хүрч авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст насан туршид нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэвэл эдгээр эрхмүүд одоо ямар нэгэн албан тушаал нь горилох нь байтугай дараагийн сонгуульд нэр дэвших нь эргэлзээтэй болно. Гэхдээ тэдэнд өөрсдийн буруугүй гэдгээ сонгуулиас урьтаж нотолж, харуулах боломж бий.
Г.Лхагвадорж