Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Эрхэс хүүгийн аав: Эмчилгээний төлбөр дутуугаас болж, эмнэлгээс гарснаас хойш хүүгийн минь биеийн байдал улам муудаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 43 секунд

11 настай, Х.Эрхэс хүү 2022 оны гуравдугаар сарын 2-нд ЭХЭМҮТ-ийн /ЦЭХСТ/ "АПЛАСТИК ӨОУА- D61.9" буюу архаг цус багадалттай гэсэн оноштойгоор Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Улмаар Турк улсын "MEDICALPARK GOZTEPE" клиникт "Чөмөг шилжүүлэн суулгах" хагалгаанд нэн яаралтай орох шаардлагатай болж, Турк улсыг зорин анхан шатны эмчилгээндээ орсон байна. Гэвч тус улсын эмнэлгээс дараагийн үеийн эмчилгээнд донор хайж, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулах шаардлагатай гэжээ.

Иймд Х.Эрхэс хүүгийн төрсөн дүү 6 настай Х.Маргад нь ахынхаа донор болохоор болжээ.

Эмчилгээний зардалд 154 мянган ам.доллар буюу 450 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Гэтэл даваа гарагт Турк улс дахь эмнэлгээс эмнэлгийн төлбөр дутуу гэх үндэслэлээр Х.Эрхэс хүүг эмнэлгээс гаргажээ. Энэ талаар Х.Эрхэс хүүгийн аав О.Хэрлэнтэй утсаар холбогдож, ярилцлаа.

-Хүүгийнх нь эмчлүүлж байсан эмнэлгээс та бүхнийг төлбөр дутуу гэх үндэслэлээр гаргасан байна. Одоо эмнэлгийн зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бид "MEDICALPARK GOZTEPE" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мэдээж эмнэлэгт ямар нэгэн буруу өгөхгүй. Маш сайн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эндхийн дүрмээр хагалгаанд оруулах мөнгө нь бүрдээгүй бол эмнэлэгт байх боломжгүй гэдгийг хэлсэн. Иймд бид даваа гарагт эмнэлгээс гарсан.

-Турк улс дахь Монгол Улсын Ерөнхий консулын газартай тогтоож чадсан уу?

-Ерөнхий консулын газраас өнөөдөр /өчигдөр/ ирж уулзаач ээ гэж хүссэн. Турк улс дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас маргааш /өнөөдөр/ хүүгийн маань хэвтэж байсан эмнэлэг орж, эмчилгээний мөнгийг хувааж төлөх талаар ярьж өгнө гэдгийг хэлсэн.

-Турк улс дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас ямар асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа вэ?

-Эмчилгээний төлбөр бүрдтэл өдөр бүр ордог 500 ам.долларын эмчилгээг тасалдуулахгүй байх талаас нь асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа.

- Хүүгийн биеийн байдал одоогоор ямар байна вэ?

-Хүүгийн маань бие маш муу байгаа. Үнэхээр хэцүү байна. Өдрийн 500 ам.долларын эмчилгээнд ордог байсан. Эмнэлгээс гарснаас хойш энэ эмчилгээ нь зогсоод, тасалдсан байгаа. Эмчилгээндээ орохгүй л бол биеийн байдал нь улам хүндэрч байна. Байнгын цус залгуулж, эм тариа хэрэглэдэг юм.

-Эмчилгээний зардал 450 сая төгрөг гэсэн шүү дээ. Одоогийн байдлаар хэдэн төгрөг цуглараад байна вэ?

-Чөмөг шилжүүлэн суулгахад нийт 154 мянган ам.доллар шаардлагатай байгаа. Харин урьдчилгаа болгож 70 мянган ам.доллар эмнэлгийн дансанд байршуулсан байх ёстой. Гэтэл бидэнд одоогийн байдлаар 10 гаруй мянган ам.доллар цуглаад байна. Өнгөрсөн 2-3 өдрийн хугацаанд сайхан сэтгэлт ард түмний буянаар 20 сая төгрөг цугласан.

-Хагалгаанд орох хугацаа тодорхой болсон уу?

-Туркийн эмнэлгээс яаралтай хагалгаандаа орох ёстой гэсэн мэдээлэл ирүүлсэн. Энэ дагуу бид тав хоногийн өмнө Туркт ирсэн боловч нэгдэх өдөр эмнэлгийн зүгээс урьдчилгаа мөнгөө байршуулаагүй бол эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэх боломжгүй гэх хариу өгөөд эмнэлгээсээ гарсан.

-Таны хувьд эрүүл эрхтнээ зарна гэсэн байсан?

-Хүмүүс үүнийг эмзэглэж хүлээж авч магадгүй. Гэтэл бидний эцсийн арга энэ л үлдээд байна. Өөр аргагүй байдалд орчиход байгаа юм.

-Эмнэлгээс гарснаасаа хойш хаана байрлаж байна вэ?

-Истанбул хотод ээжийгээ эмчлүүлж байгаа Монгол эмэгтэй биднийг ирж аваад гэртээ байлгаж байгаа. Эдний гэрээс ЭСЯ хүртэл 80 километр зайтай.

Х.Эрхэс хүүгийн хагалгааны төлбөрт хандив илгээх бол түүний ээж У.Солонгын /5376143218/ данс руу шилжүүлэх юм. Та бүхнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана
Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.