Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын намынхан Д.Ганбатыг огцруулах хуулийн төслөөс ингэж БУЛТАНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 53 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах хуулийн төсөл орж ирлээ. Бүтэн жил бүлгийн даргаа огцруулахаар бүлгийн гишүүд нь тийчилсэн ч тамгатай С.Эрдэнэ, хуультай Д.Ганбат хоёрыг яаж ч чадахгүй өнөөдрийг хүрэв. Аргаа барахдаа Женко талынхан хууль санаачилж бүлгийн даргаа огцруулах сүүлийн дайралтаа хийж байгаа нь энэ.

Уг нь “Далайсан хуулийн дор бөхийсөн иргэн” гэж үг байдаг. Гэвч бид бол хуулиа “бөхийлгөчихдөг” элдэвтэй ард түмэн. Эрх ашигт нь нийцэхгүй л бол ямар ч хуулийг засна, өөрчилнө, бүр байхгүй болгож чадна.

Ийм нэгэн жишгийг АН-ын бүлгийнхэн парламент дээр давтахаар зүтгэж байна. О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн барьсан хуулийг эрх баригчид баталж өгвөл нөгөөдүүл нь Д.Ганбатыг байранд нь тавихаар зэхэж байна. Харин эрх баригчид тэдэнд тийм боломж болгох нь юу л бол. Гурван жилийн өмнө Ардын намынхан М.Энхболдыгоо огцруулахын тулд нэг хүнд зориулсан хуулийг Ерөнхийлөгч Х.Баттулгаар өргөн бариулаад “хадны мангаа” болсон М.Энхболдоосоо салж байсан түүхтэй. “Бидон”-ыг “Миеэ”-тэй, одоогийн АН-ыг тухайн үеийн МАН-тай зүйрлэх нь ч хаашаа юм. Гэхдээ л улс төрийн түүхэнд нэг хүнийг албан тушаалаас нь огцруулахад зориулж хууль бичсэн бас нэгэн тохиолдол болж бичигдэж байна.

Хэлэлцэх эсэхээсээ эхлээд л хэрүүлийн сэдэв болж байгаа энэ хууль араасаа ихээхэн улс төр дагуулах нь ойлгомжтой. Харин эрх баригчид сөрөг хүчиндээ хуулийг нь баталж өгөх үү, үгүй юу гэдэг гол сэдэв. Ардын нам Д.Ганбатыг огцруулах үүд хаалгыг нь нээж өгч, албан ёсны тамга тэмдэгтэй С.Эрдэнэ талыг ҮХНӨ ярьж байгаа энэ эгзэгтэй цаг үед өөдөөсөө босгохгүй. Мөн О.Цогтгэрэл талын гишүүдийг гомдоож 9 кнопыг ҮХНӨ-ийн эсрэг болгож болохгүй. Гэхдээ ямарч гарцгүйгээр МАН-ынхан энэ хоёр өвдөлтийн нэгийг мэдэрнэ. Харин алийг нь сонговол тэдэнд илүү ашигтай вэ гэдэг л чухал. Албан ёсны талтай нь муудалцаж байснаас 9 гишүүнтэй нь тойргийн төсөв, холбогдсон хэрэг төвгөөр нь тулаад ажиллачихвал хамаагүй шулуухан. Тиймээс Д.Тогтохсүрэн даргатай МАН-ынхан аль болох ахиухан хулхидах аргаа энэ чиглэлд л сүвэгчлэх нь дамжиггүй.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид Д.Ганбатыг огцруулах хуулийн хэлэлцэх эсэхийг нь наадмын өмнө шийдсэн болоод л орхино. Урт хугацаандаа батлахгүй л болов уу. Тодруулбал, энэ долоо хоногийн баасан гарагийн /2022.06.17/ чуулганаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэнэ. Энэ үед Д.Ганбат нь ажлын 5 хоногийн завсарлага авна. Яалтчгүй албан ёсны бүлгийн дарга нь Д.Ганбат учраас УИХ-ын дарга АН-ын бүлэгт хүссэн завсарлагыг нь өгнө. Чуулган 6 дугаар сарын 18-26-ныг хүртэл Д.Ганбатаас шалтгаалахгүйгээр 7 хоногийн хугацаанд түр завсарлаж, ҮХНӨ-ийг гишүүд тойргийнхондоо танилцуулахаар явна. Ингэснээр Д.Ганбатын авсан завсарлага ирэх сарын 1-нд дуусаж, тэр үндсэндээ 14 хоног хожно гэсэн үг. Нэгэнт хүссэн цагаа хожсон тул МАН-ынхан хэлэлцэх эсэхийг нь дэмжих боловч дараагийн долоо хоногт нь наадмын өмнө хаврын чуулган хаана.

Ингээд намар ээлжит бус чуулган зарлалаа ч гэсэн зөвхөн ҮХНӨ-ийг хэлэлцэх тул АН-ын бүлгийн даргын асуудлыг намрын чуулган руу шилжүүлнэ. Энэ үед ҮХНӨ-өө баталчихсан Ардын намынханд Д.Ганбатын ч, О.Цогтгэрэлийн ч хэрэггүй болох тул хэлэлцүүлгийн шатнаасаа энэ хууль замхрах биз. Илүү үглэж, заргалдвал тойрогтоо татах тав, гурван төгрөгөө хасуулах аюултай тул Ардчилсан намын гишүүд хэлээ хазаж, нүдээ аниад 11 сарын дунд хүртэл төсөв хэлэлцсээр дуусна. Харин тэр үед ямар улс төр өрнөхийг одоо тааж хэлэх нь дэндүү утгагүй биз ээ.

Г.Лхагвадорж

АН-ын бүлэг ХУРАЛДАХГҮЙ
АН-ын бүлэг ХУРАЛДАХГҮЙ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.